Ч.БЯМБАХАЖИД
Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг цайны өлгий нутаг болох Чибэй хотын Ян Лөү Дүн тосгонд зочлон цайны түүх, соёлтой танилцлаа. Чибэй хотын захиргаанаас Ян Лөү Дүн тосгоны гудамжинд хоёр давхар цайны музейг нээжээ. Үүгээрээ дамжуулан цайны соёлын үүх түүх, эдлэл хэрэгсэл, бичиг данс, хэв загвар, шахмал цайг олон нийтэд дэлгэн танилцуулдаг байна. Түүнчлэн уг музейд 200 жилийн өмнөх шахмал цайг хүртэл хадгалж байгаа аж.
Ян Лөү Дүн тосгон нь 1000 жилийн түүхтэй хэдий ч хүн олноороо суурьшин амьдарч цайны худалдаа эрхлэлт явуулаад 400 гаруй жил болжээ. Ингэхдээ 1250 метрын урттай цайны гудамжийг төр засгийн бодлогоор 2012 онд сэргээн засварлаж, Хятадын эртний өв соёлд бүртгэж, түүх, соёлын дурсгалт газар төдийгүй аялал жуулчлалын бүс болгосон байна. Уг гудамжинд нэг дугуйт тэргэнд цай ачиж, тээвэрлэж явсан нь өдгөө чулуун замыг хотойлгож мөр гаргажээ. Мөн цайг эмчилгээний зориулалтаар ашигладаг домчийн өргөөг тухайн үеийн байдлаар хадгалсан нь цайны соёлтой танилцахаар очиж буй аялагчдад үзэх сонирхолтой зүйлийн нэг байв.
Тан гүрний үед цайг навчит хэлбэрээр хүнсэнд шууд хэрэглэдэг байсан бол үүний дараагаар хатаах болон вааранд боловсруулах хэлбэрээр хандалж хэрэглэсэн нь цай уух соёлыг эхлүүлжээ. Хятадын газар нутагт төр улсаа байгуулж байсан хаадууд өөр өөрийн онцлогтой цайг таашаан хүртдэг байсан бөгөөд Мин улсын хаан ногоон цайнд дурлан хэрэглэдэг болсноор ногоон цай нь нийт Хятад Улс даяарх гол хэрэглээ болсон байна. Мөн Чин гүрний үеэс монголчуудын хамгийн өргөн хэрэглэж, арилжааны хэрэгсэл болгож байсан хунз цайг энэ нутагт тарьж, боловсруулан цайны зам дагуу тээвэрлэн Монгол оронд хүргэдэг байсан гэдэг. Түүнчлэн Сүн гүрний үед буюу 1006 онд Монгол нутаг руу цай хүргэдэг байсан тухай музейн тэмдэглэлд үлджээ. Мөн энэ нутагт 1863 онд Орос, Англи Улс цайны үйлдвэрээ нээсэн байна. Анх цайг гар аргаар үйлдвэрлэж эхлэхэд 40 мянган хүн ажиллаж байсан бол 1873 оноос үйлдвэрийн аргаар хийж эхэлжээ. Дашрамд дурьдахад “Ковид19” цар тахлын үед Ухань хотын иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Монголчуудаас 30.000 хонь бэлэглэж байсан. Үүний хариуд Ухань хотын ард түмнээс зөвхөн монголчуудад зориулан Хөх тэнгэрийн монгол орон хэмээн бэлэгдэж тусгай амт чанарын найрлага бүхий дээд зэрэглэлийн “Хөх цай”-г үйлдвэрлэн Монгол түмэнд бэлэглэсэн байдаг.
Эх сурвалж: zms.mn