Ө.Саруул
Монгол адууны диваажингийн хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах адууны хулгайн шалтгаан, илрүүлэлтийн талаар өнөөдөр /06.16/ мэдээлэл хийлээ. Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг дангаараа адууны хулгай эзэлж байгаа ба илрүүлэлт 29 хувь, хохирол барагдуулалт таван хувьтай байна.
Тэрээр “Монголд өдөр болгон малын хулгай гардаг. Малын хулгай тэр дундаа адууны хулгай Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байна. Улаанбаатар хот руу хөдөө орон нутгаас жилд багадаа гучин нэгэн мянга, ихдээ тавин есөн мянган иргэн нүүж ирдэг. 2018-2021 оны хооронд хийгдсэн нүүдэллэх хөдөлгөөний учир шалтгааны судалгаагаар үзэхэд тухайн хүмүүсийн 37 хувь нь малын хулгайн гэмт хэргийн хохирогчид байсан. Өөрөөр хэлбэл, хулгайд малаа алдсан иргэд амьдрал ахуйгаа залгуулахын тулд нийслэл рүү орж ирж байгаа. Үүнээс улбаалан бид малчны 10 бодлого гаргаж танилцуулсан. Энэ асуудлыг шийдэх гол зүйл бол худалдааны болон эдийн засгийн арга. Тиймээс худалдан авалт болон шалгалтын үйл явцад бодлогын түвшинд тэмцэх хэрэгтэй байна. Малын хулгайн хууль маш сул, мөн ял нь ч бага. Иймд хохирол барагдуулалт зэргийг сайжруулах хэрэгтэй байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn