Ч.БЯМБАХАЖИД
Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг ӨМӨЗО-ны Улаанхад хотод байрладаг Хятад, Монгол уламжлалт анагаах ухааны “Тяньчи”эмийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр Хятадын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүдээс 84 дүгээрт, Монголын уламжлалт эмийн үйлдвэрүүдээс нэгдүгээрт эрэмблэгддэг байна. Мөн Улаанхад болон Тунляо хотод 6 салбартай аж. Эмийн үйлдвэрийн хувьд бүрэн автоматчилагдсан, Хятад улсын 100 эмнэлэг, 25000 эмийн санд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Мөн харьяандаа уламжлалт эм судлаач, хоол зүйч, технологич нараас бүрдсэн томоохон лаборатори ажиллуулдаг байна. Үйлдвэрийн хойморт анх удаа эрүүл хоол хүнсээр дамжуулан өвчнийг анагаах тухай бүтээл туурвисан Юань улсын ордны монгол эмч болох Хүсэхүй оточ, Эмийн ургамлыг ялгаж таних, элдэв өвчинд хэрхэн таарах, хаана ургадаг тухай ном бичиж үлдээсэн монгол оточ Жамбалдорж нарын хөрөг барималыг залсан байв.
Мөн Монгол уламжлалт тан зүрх судас, дотрын өвчлөлд илүү сайн байдаг. Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1000 жилийн түүхтэй уушиг элдэв өвчнийг эдгээх танг зэргийг эмийн үйлдвэрийн захирал Хан Фүн Юүй танилцуулсан юм. Уламжлалт эмийн үйлдвэр жилд 100 гаруй шинэ эмийн эрх авах хүсэлтийг Хятад улсын холбогдох газарт хандан гаргаж, 40 гаруй хувьд нь зөвшөөрөл авдаг байна. Мөн тус үйлдвэр уламжлалт эм үйлдвэрлэдэг 500 гаруй байгууллагыг эмийн ургамал, түүхий эдээр хангахын зэрэгцээ өөрсдөө 251 нэр төрлийн 3.5 тонн уламжлалт эм үйлдвэрлэж байна. Түүнчлэн үхэр адууны чөмгийг боловсруулж хүний биеийн тамирыг сэргээх амин дэм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Иймд Монгол Улсаас бод малын чөмөгний яс авах, цаашлаад эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Эх сурвалж: zms.mn