Ч.БЯМБАХАЖИД
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилж байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын Хуншань соёлын музейтэй танилцлаа. Тус музей нь 11.000 метр квадрат талбайтай. Үүнээс 4000 гаруй квадрат метр нь үзэсгэлэнгийн талбай байна. Мөн Хуншань музей нь судалгаа, боловсрол, үзмэрийг нэг дор нэгтгэсэн, орчин үеийн олон үйлдэлт гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн энэхүү музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт зүйлс хадгалж байгаагийн 80 хувь нь археологийн малтлагаас гарсан бол зарим нь цуглуулан хандивласан бүтээл байдаг аж. Тухайлбал,шаазан, хүрэл, модон, хаш, чулуу, яс, хясааны төрлийн багаж, даавуу, арьсан эдлэл, ханын зураг, уран бичлэг, уран зураг гэх олон төрлийн цуглуулгыг тус музейд хадгалж байна. Эдгээрийн дотор нэгдүгээр зэрэглэлийн 133 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлс, хоёрдугаар зэрэглэлийн 381 ширхэг, гуравдугаар зэрэглэлийн түүх соёлын дурсгалууд 876 ширхэг байдаг байна. Музейд хадгалагдаж буй дурсгалт зүйлсээс хамгийн үнэ цэнтэй нь шинлүнвагийн соёлын хаш бөгж, Хуншань соёлын үүлэн хэлбэртэй хаш унжлага, дун шигтгээтэй өнгөт вааран таваг, Чинь гүрний үеийн төмөр сэрээ, Ляо гүрний гурван өнгөт Мандарин, Юань гүрний үеийн булшны ханын зураг, Чин гүрний үеийн алтаар шивсэн “Ганжуур судар” зэрэг бүтээлүүд юм.
Эх сурвалж: zms.mn