Ч.БЯМБАХАЖИД
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй хамтарсан сурвалжлагын баг өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуунд ажиллаа. Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун талд байрладаг. 400 мянган хүн амтай, 12000 км2 газар нутагтай юм. Нийт газар нутгийн 40 хувийг нь элсэрхэг газар эзэлдэг байна.
Энэ бүс нутгийг цөлжихөөс сэргийлэх зорилгоор 1978 оноос элсний нүүдлийг сааруулах үйл ажиллагааг эхлүүлжээ. Үүний үр дүнд элсэрхэг газар нутагт мод, бутлаг ургамал тарьж, элсний нүүдлийг зогсоож чадсан байна.
Элсний нүүдлийг зогсоох үйл хэрэгт нутгийн иргэд, малчид тариачдыг татан оролцуулж, өөрсдийн газар нутгийнхаа элсний нүүдлийг зогсооход гар бие оролцвол Засгийн газраас урамшуулал, олговор өгөх байдлаар дэмжиж ажиллажээ.
Элсний нүүдлийг сааруулахдаа дөрвөн талдаа 2 метрээс хэтрэхгүй шоо дөрвөлжин байдлаар хулс мэт босоо ургамлыг элсэнд шигүү хатган ургуулжээ. Үүний зэрэгцээ элсэн толгод дундуур авто замыг олноор барьж, иргэд мод бутаа унаа машинаар элсэн дунд зөөж хүргэх боломжийг хангах, хөрс шороо голдоггүй, усалгаа бага шаарддаг бургас, харгана, арц, нэгэн зүйлийн гацуур зэрэг модыг тарьсан байна. Эдгээр модыг тарьж, гурван жилийн хугацаанд бага зэрэг арчлан ургуулж чадвал цаашдаа өөрөө бие даан ургах боломж бүрддэг гэнэ.
Өмнө нь "амьгүй" шахам элсэн цөлд ойжуулах ажлыг үр дүнтэй явуулснаар эл хэсэг дэх экологийн тэнцвэрт байдал сэргэж, элдэв төрлийн шавьж, мэрэгч амьтад, шувууд, туурайтан зэрэг амьтдын амьдрах таатай орчин бүрдсэн байна. Мөн элсэрхэг нутгийн хэсэг газрыг сонгож, цөлжилтөөс хамгаалах, мод бут тарих арга хэрэглэлгүй байгалийг өөрийнх нь дагшин байдлаар үлдээж, эрдэм шинжилгээ судалгааны болон экологийн зориулалтаар судалдаг байна.
Монгол, Хятадын сурвалжлах багийн сэтгүүлчид эл элсний нүүдлийг зогсоосон арга туршлагаас суралцан, танилцаж цааш хөдлөн Хашлуут нуурын элсэн манхан дундах аялал жуулчлалын төвд очсон юм.
Одоогоос 6500 гаруй жилийн өмнө хамаарах буюу дундад улсын хамгийн анхны луугийн цагирган дүрс бүхий Хаш лууг эндээс 1971 онд олсон байна. Хаш луут нуур нь олон жилийн өмнө томоохон нуур байсан ч өдгөө байгаль экологийн нөхцөлөөс хамаарч багассан аж.
Чингэлэгэн зочид буудлаараа алдартай тус жуулчлалын төв жилийн дөрвөн улиралд ажилладаг ч 7, 8 сард ирэх жуулчны тоо эрс нэмэгддэг байна.