Ч.БЯМБАХАЖИД
Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол үндэсний гар урлалын үйлдвэрлэлийн төвөөр зочиллоо. Тус гар урлалын төв нь 4200 м2 газрыг эзлэдэг. Мөн хошууны захиргаанаас гар урлал, уран хатгамал, үндэсний дээл, тэрлэг хувцас, гутал бүс оёж үйлдвэрлэгчид, чулуу болон алт мөнгөний уран дархчуудыг үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор түрээсийн төлбөрөөс нь бүрэн чөлөөлдөг байна. Эл төвд нийт 86 өрхийн 270 гаруй гар урчууд монгол үндэсний уламжлалт гар урлалыг хөгжүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг.
ӨМӨЗО-ны хөдөө орон нутагт Монгол Үндэсний гар урлалыг өвлөн уламжлагчид олон байдаг ч Баарин баруун хошууны үндэсний соёл уламжлалыг өвлөн уламжлагч 22 өв тээгч энэ төвд урлалаа бүтээж, гар урлал, дээл хувцас оёж сонирхохыг хүсэгчидэд сургалт явуулдаг аж. Төр засгийн зүгээс монгол үндэсний гар урлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн нь эдгээр гар урчуудад ихээхэн дэм тус болдог гэдгийг онцлон хэлж байв. Тус төвд Дундад улсын хэмжээний уралдаанд хоёрдугаар байрын шагнал хүртсэн өвлөн уламжлагч н.Эрдэнэтанаа, уран хатгамалын тэргүүн шагналт н.Цэнгэлбүрэн, үйл урлаач н.Туяа нарын шилдэг урлаачид ажиллаж, бүтээгдэхүүнээ хийж борлуулж байгаа аж. Эдгээр урлаачид "Бидний гол зорилго ашиг олохыг эн тэргүүнд тавих бус үндэсний уламжлалт хувцасны соёлыг олон нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн оёж бүтээх, залуу үеийнхэнд зааж сурган, ажил мэргэжлийн чадвар суулган өвлүүлэх нь чухал" хэмээсэн юм.
Эх сурвалж: zms.mn