С.УРТНАСАН
ATEEZ хамтлаг уран бүтээлийн долоон жилийн ойдоо дөхөж буй энэ үедээ гэрээгээ шинэчлэх талаар найдвартай, эерэг мэдээлэл өглөө. 2025 оны зургаадугаар сарын 12-нд Сөүл дэх “Hotel Naru Seoul Mgallery”-д болсон хэвлэлийн бага хурал дээр, тэдний 12 дахь мини альбом болох “Golden Hour: Part.3”-ийн гарцыг тэмдэглэн зохион байгуулсан үйл явдлын үеэр, хамтлагийн ахлагч Хонжун ATEEZ-ийн ирээдүйн талаар дараах зүйлийг онцолжээ: “ATEEZ урт хугацаанд хэрхэн өөрсдийнхөө хамгийн сайн талыг харуулсаар байж чадах вэ гэдгийг бид нухацтайгаар авч үзэж байна. Ойрын хугацаанд сайхан мэдээ, эерэг өөрчлөлтүүдийг хуваалцахын төлөө чадах бүхнээ хийж байна” гэж тэр хэлсэн байна. Энэ нь хамтлагийн фэнүүдэд тэдний гэрээ сунгагдах магадлалтай гэсэн найдвар төрүүлсэн мөч байсан юм. Хамтлаг өнгөрсөн жил уран бүтээлээрээ эргэн ирэх үеэрээ гэрээ шинэчлэх талаар олон талаас хэлэлцэж байгаа гэдгээ өмнө нь хуваалцаж байсан. ATEEZ нэрийн дор удаан хугацаанд хамтдаа байх хүсэлтэйгээ тэд удаа дараа илэрхийлж ирсэн тул, фэнүүд албан ёсны мэдэгдэл эерэг байх болов уу хэмээн найдаж байсан бол эерэг хариуг авч чаджээ.
Өмнөх цомог нь Billboard 200-ийн жагсаалтыг тэргүүлсэн амжилтын дараа, ATEEZ хамтлагаас энэ удаагийн эргэн ирэлттэй холбоотой зорилгыг нь асуусан байна. Хамтлагийн гишүүн Ёосан үүнд хариулахдаа: “ATINY-ийн ачаар бид ийм гайхалтай үр дүнд хүрч чадсан” хэмээн дэлхий даяарх фэнүүдээ хандан хэлжээ, “Энэ удаагийн сурталчилгааны хувьд Billboard-ийн байрт анхаарахаас илүүтэйгээр, ATINY-тайгаа үнэ цэнтэй дурсамж бүтээж, эрүүл, аз жаргалтайгаар аяллаа үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэжээ. Ёосан үргэлжлүүлэн: “Бидний долоон жилийн ойтой зэрэгцэн бидэнтэй хамт байсан ATINY-д чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн энэ бүх хугацаанд уйгагүй хөдөлмөрлөж, хамтдаа байсан гишүүддээ ч баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. ATEEZ хамтлаг зургаадугаар сарын 13-ны “Golden Hour: Part.3” альбомоо цацаж, долоон сарын дараах анхны эргэн ирэлтээ хийнэ. Энэхүү цомог нь тэдний “Golden Hour” цувралын гурав дахь хэсэг бөгөөд хамтлагийн хамгийн гэрэлтсэн, гэгээлэг мөчүүдийг харуулдаг. Гарчиг дуу болох “Lemon Drop” нь нэртэйгээ ижил цитрусын коктейлоос сэдэвлэсэн, зун цагт тохирох сэргэлэн, гэгээтэй уур амьсгалтай уран бүтээл юм. Энэ дуу нь ATEEZ-ийн чамин, хөгжилтэй энергийг илэрхийлдэг бөгөөд Хонжун болон Минги нар уг бүтээлийн үгийг бичихэд оролцжээ.