Ө.САРУУЛ

 

Монголын өмгөөлөгчдийн холбоо БНСУ-ын Сөүл хотын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.  Өчигдөр хоёр талын төлөөлөл уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцон, холбогдох гэрээнд гарын үсгээ зурсан юм. БНСУ-ын Сөүл хотын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Cho Soon-Yeol нарын төлөөлөгчид манай улсад албан айлчлал хийж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллахаар болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.  Тус холбоо нь БНСУ-ын нийт өмгөөлөгчдийн 70 гаруй хувийг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Уулзалтад Монголын өмгөөлөгчдийн хорооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх, Өмгөөлөгчдийн холбооны Гадаад харилцааны хорооны дарга С.Уянгаа, тус холбооны ажлын албаны дарга Г.Отгонсүрэн  болон  БНСУ-ын Сөүл хотын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Cho Soon-Yeol тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Монголын өмгөөлөгчдийн хорооны ерөнхийлөгч Л.Данзанноров:  Хамтын ажиллагааны томоохон эхлэл тавигдлаа

 

-Манай холбооны Гадаад харилцааны хорооны төлөөлөл БНСУ дахь Монголын ЭСЯ-ны албаны хүмүүстэй уулзаж, Солонгос дахь монгол иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар саяхан санал солилцсон.  Манай хоёр улс 1991 онд Парламент хоорондын хэлэлцээр хийгдсэнээс хойш хууль эрх зүйн хамтын ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллагууд, цагдаагийн байгууллагууд хоорондоо хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийж, хамтран ажиллаж байсан. Өмгөөлөгчдийн Холбооны тухайд Солонгосын талын зарим төлөөлөлтэй уулзалт хийж байсан. Харин өнөөдөр бид бүхэн Солонгос улсын Өмгөөллийн байгууллагатай илүү өргөн хүрээнд хамтрах, албан ёсны хамтын ажиллагааныхаа томоохон эхлэлийг тавьж байна. Энэ хүрээнд хоёр тал хамтарсан сургалт, уулзалтыг гишүүн өмгөөлөгчдийн дунд зохион байгуулах, хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын сайн туршлагыг нэвтрүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, уулзалтууд зохион байгуулах, эрх зүйн тодорхой чиглэлээр хамтран судалгаа хийхээр ярилцлаа. Түүнчлэн Солонгост ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд болон манай улсад байгаа Солонгос иргэдэд харилцан хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлэх асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжтой. Бидний эхлүүлж буй хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар илүү өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна” гэв.

 

Сөүл хотын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Cho Soon Yeol: Өмгөөллийн үйл ажиллагаанаас гадна хууль эрх зүйн тогтолцооны шинэчлэлд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна

-Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь манай улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалахад маш том үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Бидний хамтын ажиллагаа өмгөөллийн үйл ажиллагаанаас гадна төрийн захиргааны салбар, хууль тогтоох байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагуудын тогтолцооны шинэчлэл дээр тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Сөүлийн бүс нутгийн өмгөөлөгчдийн холбооны хүрээ нь Солонгос улсдаа маш том үүрэгтэй. Бүтцийн хувьд Солонгос улсын нийт өмгөөлөгчдийн 76 хувь нь манай холбоонд байдаг. Солонгос улсад гарч буй гэмт хэргийн 90-ээс дээш хувь нь манай өмгөөллийн байгууллагатай холбогддог гэж болно.   Мөн манай холбоо өмгөөлөгчдийн үйл ажиллагаанаас гадна прокурор, шүүгчидтэй холбоотой үйл ажиллагаа дээр дэмжлэг үзүүлэн ажилладаг. Манай улс цагдаагийн байгууллага нь прокурорын ямар нэгэн зөвшөөрөл  авалгүйгээр өөрсдөө мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо руу шилжээд байна. Бас нэгэн онцлог гэвэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаа шүүх хяналтын байгууллагаас хараат бус буюу бие даасан байдаг. Монгол Улсаас үлгэр жишээ авахуйц сайн жишгүүд ч байгаа харагдаж байна. Монгол Улсын захиргааны хэргийн шүүх хуралдаан олон нийтэд нээлтэй явагддаг нь сайн жишиг гэж санагдлаа. Бидний хамтын ажиллагаа цаашид цэцэглэн хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх:  Шалгалт зохион байгуулахад туршлага солилцох хэрэгтэй

 

-Өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал хамтын ажиллагааны эхлэл болж байна.  Үүнийг ажил хэрэг болгоход өөрсдийн байр сууриа тухай бүрд нь илэрхийлж, тал талдаа тодорхой үүрэг хүлээн ажиллах нь чухал. Манайх өмгөөлөгч болох хүсэлтэй хүмүүсээ хуульчид дундаасаа сонгож хуульчийн шалгалтын дараа өмгөөлөгчийн шалгалт авдаг эрх зүйн зохицуулалттай. Цаашид шалгалт зохион байгуулах, шалгалт зохион байгуулах хэлбэр болон өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулах арга барилын тал дээр харилцан туршлага солилцох хэрэгтэй байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд дээрх яригдсан зүйлсээс гадна  хоёр орны өмгөөлөгчдийн мэргэжлийн болон хувийн найрсаг харилцааг урт хугацаанд хадгалан хөгжүүлэх, хоёр талын төлөөлөгчид харилцан туршлага солилцох, хоёр улсын эрх зүйн тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцож, шаардлагатай үед хууль эрх зүйн асуудлаар хамтарсан судалгаа хийх асуудлыг тусгаад байна.  Мөн хоёр улсын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчдийг сургалтад хамруулах, гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны иргэдэд шаардлагатай хууль зүйн туслалцаа үзүүлэх ажилд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлуудыг тусгаад байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (7606)