Ө.САРУУЛ

 

Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн Олон улсын хурал (ICASE) энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Уг хурал 2019 оноос эхлэн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ жил найман орны 120 гаруй судлаачид дөрвөн салбар хуралдаанаар хуралдах юм.  Өчигдрийн байдлаар гаднын 24 зочид, төлөөлөгчид ирж, нийт 11 улсын оролцогч, Монгол Улсаас 160 гаруй төлөөлөгч оролцож байна. Хурлын гол зорилго нь математик, хими, физик, инженерчлэлийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн судалгааны ажлыг олон улсад таниулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашлаад зах зээлийг нээлттэй, шударга, өрсөлдөхүйц байлгахад шаардагдах мэдлэг, судалгаа, технологийг хөгжүүлэх юм. Сонгогдсон илтгэлүүдийг Springer Nature хэвлэлийн газрын Scopus бүртгэл бүхий хурлын эмхэтгэл болгон хэвлэж байгаа нь энэ жилийн гол онцлог юм.

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захирал Б.Тунгалагтамир “Энэ хурлын гол ач холбогдол нь манай улсын томоохон аж үйлдвэрүүдтэй холбоотой бүх төрлийн технологи хөгжүүлэлт тэр дундаа хүрээлэн буй орчны төслүүдийн технологиуд, түүнд нөлөөлж буй хүчин зүйл болох бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар хурал болж буй юм. Мөн дэлхий дахинд хэрэгжүүлээд байгаа хэрэглээний шинжлэх ухааныг Монгол Улсдаа нэвтрүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд манай оронд хүрээлэн буй орчны асуудал их яригдаж байгаа. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, хатуу хог хаягдлын боловсруулалт, бохир усны боловсруулалт гэх эдгээр асуудлуудын талаар авч хэлэлцэж байна. Манай сургуулийн хувьд эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйн салбаруудад гол цөм болсон хүний нөөцийг бэлтгэдэг гэдгээрээ онцлог. Жишээлбэл, химийн боловсруулалтын технологи, хими болон хүрээлэн буй орчны инженерчлэл, нүүрсний боловсруулалтын инженер, статистик гэх хөтөлбөрүүдийг БНХАУ-тай хамтран дотооддоо нутагшуулах зорилготой хэрэгжүүлдэг. Сүүлийн хоёр жилд төр засгаас байгалийн шинжлэх ухааны голлох судлагдахуун болох хими, физикийн хичээлүүдийг онцгой анхаарч байгаатай холбоотой элсэлт харьцангуй нэмэгдэж байгаа чиг хандлага ажиглагдаж байгаа. Цаашид ч ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт математик, хими, физикийн хичээлийн агуулгыг шинэчилж, ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд голчлон анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Манай сургууль бакалаврын 6 хөтөлбөртэй, нэг хөтөлбөртөө 15 хүүхэдтэй  гэж үзэхэд жилд дунджаар 70-80 инженер бэлтгэн төгсгөдөг” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 108 (7605)