Ч.Бямбахажид
Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-нд бурхан багшийн их дүйчэн өдөр тохиодог. Энэ өдөр Бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, гучин таван насандаа бурхны хутгийг олох ёсыг үзүүлсэн, наян нэгэн насандаа нирваан оршиж, мөнх бусыг үзүүлсэн гурван их үйл явдал тохиодог. Иймээс дэлхий нийтээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг онцлон тэмдэглэдэг учиртай.
Өнөө жил бурхан багшийн их дүйчэн өдөр зургаадугаар сарын 11-нд тохиох юм. Энэ өдөрт зориулсан номын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээний талаар МБШТ Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.
“Нийтийг хамарсан бясалгал, бурхны шашны тайлбар, язгуур урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ болно”
Бурхан багшийн их дүйчин өдөр бол ёс суртахууны баяр юм. Энэ жил бурхан багшийн их дүйчэн өдөр “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор болно. Мөн энэ удаад бурхан багшийн их дүйчэн өдрийг илүү өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу “Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан арга хэмжээ зургаадугаар сарын 11-ний өглөө эхлэн Гандантэгчэнлин хийд дээр явагдана. Харин 15 цагаас төв талбайд нийтэд зориулсан арга хэмжээнүүд эхлэх юм. Ингэхдээ төрөл бүрийн бясалгалын хөтөлбөрүүдийг тус тусын асарт зохион байгуулж, эдгээр бясалгалын хөтөлбөрүүдийн талаар тайлбарлаж, хөтлөх болно. Мөн ногоон хоолны асрууд байрлана. Түүнчлэн монголын язгуур урлагийн хамтлагууд өөрсдийн уран бүтээлийн дээжээ түмэнд олонд хүргэх зэрэг нийтэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулагдана” гэлээ.
“Гэрэлт жагсаалд оролцогчид лянхуа цэцэг, гэрэлт зул зэргийг авчирч оролцоно”
Түүнчлэн төв талбайд бурхны сургаал гэж юу болох, хүн яагаад үнэн, зөв байх ёстой зэрэг олон асуултад хариулт өгөх өргөн хүрээний арга хэмжээ болох аж. Цаашлаад асарт болох арга хэмжээнүүд дууссаны дараа 20 цагаас нийтийг хамарсан бясалгал, бурхны шашны тайлбар явагдах юм байна. Түүнчлэн жил бүр өдрийн цагаар хийдэг байсан жагсаалыг энэ жилээс эхлэн оройн 21 цагаас хийхээр болжээ. Учир нь өдрийн цагаар жагсаал хийхэд төв замыг хаах шаардлагатай болдог. Иймээс хүмүүст төвөг учруулахгүйн тулд шөнө гэрэлт жагсаалыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн тус жагсаалыг Азийн бурхны шашинт орнууд “Шөнийн гэрэлт жагсаал” хэмээн улс нийтээрээ томоохон хэмжээнд хийдэг байна. Тиймээс гаднын улс орнуудын жишгээр Гандантэгчэнлин хийд анх удаагаа “Гэрэлт жагсаал”-ыг шөнийн цагаар зохион байгуулахаар болжээ. Гэрэлт жагсаалд оролцох иргэд лянхуа цэцэг, гэрэлт зул зэргийг авчран оролцох боломжтой. Уг жагсаалд оролцогчид 21 цагт төв талбайгаас хөдөлж, Улсын их дэлгүүрийн өмнө очин маани хөгжөөх юм. Цаашлаад гэрэлт жагсаалд оролцогчид төв гандан дээр очсоноор жагсаал өндөрлөх аж.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Бурхан багшийн их дүйчэн өдрийн хурал ном өглөө дөрвөн цагаас эхэлнэ. Энэ хүрээнд бид олон талд арга хэмжээг зохион байгуулах байгаа. Үүнээс дурдвал, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас 21 аймаг, 33 суманд соёлын арга хэмжээг зохион байгуулна. Иймд иргэдийг соёл боловсролын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн бүх насныханд зориулсан олон арга хэмжээ өглөө 11 цагаас орой 21 цаг хүртэл төв талбайд үргэлжилнэ. Ингээд хүн бүр бусдын төлөө, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байгаасай. Ийм болохын төлөө хичээе гэж хэлмээр байна” гэлээ.