Г.ЭНХЖИН
2025–2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд, зургаадугаар сарын 1-ний шөнө тоноглол зогсоох ажил гүйцэтгэж байх үед ДЦС-3-ийн үйлдвэрийн газарт гал гарч, нэг ажилтан харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Энэ ослын дараа үйлдвэрийн ослын шалтгаан, хариуцлага, нөхцөл байдал, хүний амь насыг эрсдэлд оруулж буй хүчин зүйлсийн талаар олон нийт, салбарынхны анхаарал илүү нэмэгдэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, ослын талаар дараах тайлбарыг өгсөн юм.
Энэ үеэр ҮХХ-ны дарга Ш.Эрхсаран “Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудын буруу, алдаатай шийдвэрүүдийн хүнд ачааг ажилчид нуруундаа үүрч явна. Цалин хөлс хангалтгүй, нийгмийн баталгаа байхгүй учраас хүний нөөцийн хомсдол бий болж, эрсдэл өндөртэй цалин багатай ажилд хүмүүс орохыг хүсэхгүй байна. Энэ нь ажилчдын сэтгэл зүйд маш хүндээр тусаж байна” гэлээ.
Осол болсон өдөр талийгаач ажилтан эцсээ хүртэл аюултай нөхцөл байдалд ажиллаж, асуудлыг хяналтдаа авахаар ажиллаж яваад амиа алдсан байна. Иймд осол гарч буй шалтгаан, шинэчлэл эсвэл удирдлагын менежмент муу байгаа эсэхэд хэн ч анхаарал хандуулахгүй байна. Энэ салбарт цаашид хэн ажиллах, маргааш хэний амь нас эрсдэхийг бид мэдэхгүй. Тиймээс хөдөлмөрийн хуулиар заасан эрхээ эдэлж чадахгүй, аюултай, өндөр эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхгүй байхыг уриалж байна хэмээн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
Мөн техник ашиглалтын дүрмийг яаралтай шинэчлэх, тоног төхөөрөмжийн насжилт, эрсдэлийн үнэлгээг хийж шаардлагатай төсөв хөрөнгийг оновчтой зарцуулах хэрэгтэй гэдгийг анхааруулсан юм. Төсвийн тодотгол хийж, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлд анхаарахгүй бол дараагийн осол хэзээ ч тохиолдож болно гэдгийг онцоллоо.
Ямар нэг асуудал гармагц дарга нар хариуцлагаас бултаж, бүх бурууг ажилтанд тохдог тогтолцоог бид хүлээн зөвшөөрөхгүй. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо ажилчдынхаа амь насыг хамгаалахын тулд дуу хоолойгоо хүргэж, шаардлагатай бол тэмцэл өрнүүлнэ гэдгээ мөн илэрхийлсэн юм.
Эрчим хүчний салбар дахь бодлого, удирдлагын хямралын талаар салбарын мэргэжилтэн Д.Эрдэнэбат “Өнөөдөр эрчим хүчний салбар засаглалын хямралд гүнзгий орсон.Төр засаг энэ асуудлыг мэдэж байгаа ч өөрчлөлт хийхгүй байна. Эрчим хүчний хууль, эрх зүйн шинэчлэл хийгдэнэ гэж хэлдэг ч эцэстээ бүхэл бүтэн бодлогын яам болох Эрчим хүчний яам өөрөө бодлогоо барьж чадахаа больсон. Мэргэжлийн бус, улс төрийн томилгоонууд улам бүр газар авч, салбарын хөгжил зогсонги байдалд орлоо” гэв.
Эх сурвалж: zms.mn