С.УРТНАСАН
Намайг Балданхүүгийн Төрболд гэдэг. Золкагын эзэн нь байна. Манай нохой Golden retriever & labrador mix үүлдрийнх. Нохой маань манай гэр бүлийн гишүүн болоод есөн жил болж байгаа. Анх одоо харагдаж байгаа зургаасаа хэд дахин жоохон байхад нь ер нь дөнгөж төрөх үед нь энэ л манай нохой болно гээд тэжээхээр авч ирж байсан үе нь одоо ингээд ярихад өчигдөрхөн юм шиг тодхон санагдлаа. Гэрийн орчин нөхцөлд тэжээх боломжтой олон амьтад байгаа ч манай гэр бүл нохойг тэжээж хайрлахыг сонгосон. Багаасаа хүнтэй ойрхон өсөөгүй болохоор манай нохой дотно биш хүмүүстээ нэлээн ааштай. Гэхдээ хүмүүжилтэй сайн нохой гэдгийг бат хэлж чадах байна.
-Нохойных нь нэрийг хэн өгсөн бэ, яагаад ингэж нэрлэсэн бэ. Хүмүүс хүүхдүүдийнхээ нэрд нэлээд ач холбогдол өгдөг шүү дээ. Нохойндоо ч бас тэгсэн үү?
-Нэр өгөхөөр нэлээд удаан бодож байсан. Дүүтэйгээ Цасхан, Цагаанаа гээд л янз бүрийн нэрээр нэрлээд л дуудаж үзэж байсан.Тэр үед аав нохойгоо хараад сандал дээр сууж байгаад ийм хөөрхөн алтан шаргал өнгөтэй юм чинь Орос хэлний золотое буюу алтлаг гэсэн утгаар Золка гэж өхөөрдөөд, тэр нэрээр нь нэрлэсэн. Золка 2016 оны наймдугаар сарын 21-ны өдөр төрсөн. Наймдугаар сард есөн нас хүрнэ.
-Анх нохой тэжээх шийдвэр гаргахад гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ, угаас амьтанд хайртай хүмүүс байдаг уу?
-Манай нохой бараг гэр бүлийн гишүүн, ээж аавын бас нэг хүүхэд шиг нь л байдаг. Нохойг хүний дотнын анд, үнэнч амьтан гээд ярьдаг шүү дээ бид энэ үзэл бодолтой санаа нэг байдаг. Хүн нохой хоёрын хооронд эзэн амьтан гэхээс илүү нөхөрлөл, итгэлцэл, хүндлэлийн харилцаа байдаг. Монголын уран зохиолд ч нохой гэдэг амьтан нь чин үнэний бэлгэдэл болж илэрхийлэгддэг. Манай үеэлийн нохойг Зоос гэдэг. Золкагийн ээж нь байхгүй юу. Яг төрөх үед нь бид өлгийдөж авсан гэж хэлж болох юм. Түүнийг төрснөөс хоёр сар гаран хугацааны дараа бид Золкагаа авсан. Манайх дүү бид хоёрыг төрөхөөс өмнө ч бас нохойтой байсан юм билээ. Тэгээд алга болсноос нь хойш аав нохойнд хайртай ч гэсэн хариуцлагатайгаар тэжээж чадна гэсэн зориггүй байсан гэсэн. Анх нохойгоо авахдаа дүү бид хоёр бүх юмыг нь хийнэ, онц сурна, төрсөн өдрийн хамгийн том болно гээд л байж болох өгч чадах бүхий л амлалтыг өгч гуйсаар байгаад авч байсан. Хоёр сар гаран Золка ээжтэйгээ байсан болохоор сахилгагүй хөдөлгөөнтэй үе дээрээ ирэхэд манай ээж их дургүй байсан. Нохой чинь гадаа л байдаг амьтан яахаараа ор дэрэн дээр унтдаг юм гээд л. Яагаад ч юм өхөөрдөөд орон дээрээ гаргах үед л бие засаад тэр дээр нь ээж гишгэх ч юм уу янз бүрийн юм тохиолдоод арчилгаа ихтэй байдаг байлаа. Хэдэн сар ч юм бэ дээ манай гэрээс нохойны эвгүй үнэр салаагүй. Тухайн үедээ их шантарсан, нохойгоо больдог ч юм билүү гэсэн бодлууд төрөөд. Манай дүү болохоор яг эсрэгээрээ ерөөсөө шантарч байгаагүй болохоор л бид нохойтойгоо энэ олон жил хамтдаа амьдарч байна. 3-6 сартай байхдаа Золка ёстой сахилгагүй байсан. Гутал, тавчик, буйдангийн булан ирмэг мэрэхээс эхлээд л гэртээ ирэхэд хамаг юм сүйдлээд хэрэг тарьчихсан байдаг байсан. Тэр үед ээж бас нэг дажгүй туфльтэй байсан юм. Ажлаас нь ирэхэд тэрийг нь идчихсэн байдаг юм даа. Аав дүү бид гурав сандралдаад л ээж ч мэдчихсэн нөгөө идсэн туфлээрээ Золкаг элдэж хөөгөөд тэр ёстой алуулсан. Бас мэдээч үгүй байхад ээжийг годон гутлыг идчихсэн. Тэрийг үнэхээр хав дарсан айгаад хэлж чадахгүй бүр зургаан сарын дараа ээж гутлаа хайгаад байхад нь мэдэхгүй гээд л нуусаар. Аав ээжийн гуталны арьстай ижилхэн өнгөтэй арьс хайж зөндөө удаан гадуур явсан. Тэгээд арьс хайж явсан сүүлийн өдрөөс 14 хоногийн дараа нэг газраас ээжийн годон гуталтай адилхан арьс ирэхээр болж дахиад 14 хоног аргалах хэрэг гарсан. Ажил ч бүтэмжтэй ээж эхний хэдэн хоногтоо анзаарахгүй дараа дараагаас нь гутал нь нэг л биш байна гэхэд нь аав дүү бид гурав мэдэхгүй гээд тас гүрийчихсэн энэ байдлаараа Золкагийн тарьсан хэргийг 3-4 жил аргалж явсан. Ээж хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг шиг л Золкад дургүй загнаад байдаг хэрнээ л биднийг байхгүйд хооллочихсон байдаг байлаа. Золка ч ээж дээр гүйж очоод загнуулаад л буцаад явчихдаг байсан.
-Бусад найз нөхөд ч юм уу танил хүмүүсийнхээ тэжээвэр амьтадтай харьцуулахад танай нохой бусдаас ямар зүйлээрээ ялгардаг вэ?
-Мэдээж хүн бүрд л өөрийн өсгөж хүмүүжүүлж дассан амьтан нь хөөрхөн, ухаалаг, гоё сайхан харагдаж санагдах байх. Дасах хүртэлх хугацааг эс тооцвол бидний аав ээж нохойгоо яг л нялх хүүхэд өсгөж байгаа юм шиг тэгж хайрлаж хүмүүжүүлж том болгосон. Хамгийн хайр хүрмээр зүйл нь манай нохой хүний үгийг маш сайн ойлгодог. Юм ярихаар өөдөөс ойлгож байгаагаа үйлдлээр илэрхийлж чаддаг нь хөөрхөн. Унтаж байхдаа зүүдлээд гаслах, хэлээ унжуулаад унтаж байгааг нь харах ч хүртэл хөөрхөн, гадуураа хар хувцастай ч юм уу байгаад үс болгохгүй гээд түлхэхээр ямар ч найраа байхгүй хамаг юм уу шургаад, эрхлээд, наалдаад дайраад эхэлдэг. Өдөржин гадуур явж байгаад орой гэртээ очиход өөдөөс гүйгээд ирдэг нь хэр их санасныг нь шууд л мэдрүүлдэг. Тоочоод хэлбэл сэтгэл татах олон хөөрхөн үйлдэлтэй ч гэр бүлийн минь нэгэн гишүүн болж бидний гэр бүлд ирсэн нь юутай ч зүйрлэмгүй хамгийн сайхан нь санагддаг. Манай нохойны бусад тэжээвэр амьтдаас ялгарах нэг зүйл нь зөвхөн бидний нүүрийг харж өссөн, нийгэмшээгүй гэх юм уу. Гадуур явж байхдаа өөр хүмүүсийг хараад биднийг харамлаж хуцах ч юм уу тиймэрхүү үйлдэл гаргадаг. Ээж аашилсаар байгаад үгээр нь байдаг болчихсон бусад нохойнуудаас илүү намбатай, тайван үгэнд сайн ордог. Гэртээ байхдаа сахилгагүй юм шиг боловч бусад нохойтой харьцуулахад сахилга баттай гэдэг нь ажиглагддаг. Хүүхдээр бол суурь хүмүүжил сайтай гэх юм уу даа.
-Нохойгоо тэжээж эхэлснээс хойш гэр бүлийн уур амьсгал эсвэл таны ааш зан, дотоод сэтгэлд ямар нэг эерэг өөрчлөлтүүд гарсан уу, тэр нь юу байв?
-Амьтад өөрсдөө хүнийг хүмүүжүүлдэг юм шиг санагдсан. Нохой маань манай гэр бүлд ирснээр халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж эхэлсэн. Гэр бүлээрээ тойрч суугаад түүний тухай ярьж, тэвэрч илж хайрласнаар бид аз жаргалтай хүмүүс гэдгээ улам их мэдэрдэг. Гэртээ очиход намайг нэг амьтан хүлээж байгаа шт ээ гэдэг ганцаараа биш мэдрэмжийг илүү их төрүүлдэг. Ганцаараа үедээ ч ганцаардах мэдрэмж авдаггүй яагаад гэхээр энд нэг эгдүүтэй амьтан намайг тойрч эргээд түүнийг өхөөрдөх үедээ төвөгтэй хэцүү санагдаж байсан тэр бүхнийгээ хэсэг хугацаанд мартчихсан байснаа анзаардаг. Бас нохойнд анхаарал халамж тавьснаар бусдад ч бас тэгж ханддаг энэрэнгүй хариуцлагатай хүн болж эхэлсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7601)