Б.Нямсүрэн

Өчигдөр болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён сонгогчдын 49.42 хувийн саналаар ялалт байгуулжээ. Харин Ард түмний хүч намын нэр дэвшигч Ким Мүн Сү сонгогчдын 41,15  хувийн саналыг авч удаалсан байна.

Тус улсын Сонгуулийн хорооноос албан ёсны дүнг танилцуулсны дараа ялалт байгуулсан нэр дэвшигч И Жэ Мён “Ард түмэнд бүх хүч байгаа гэдгийг сонгуулийн дүн нотолж чадлаа. Ерөнхийлөгчийн албан тушаал гэдэг нэг хүнд зориулагдаагүй, улс орны гэрэлт ирээдүйн төлөө гэдгийг харуулж байна. Ажлаа авсан эхний өдрөөсөө эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгдэв. Тэрээр өмнө нь хоёр удаа ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан бөгөөд гурав дахь удаагийн оролдлогоороо төрийн тэргүүн болж байна. Өдгөө 61 настай, сөрөг хүчний удирдагч ирэх таван жилд улс орноо удирдана.

Лхагва гарагийн өглөө шинээр сонгогдсон төрийн тэргүүн И Жэ Мён болон тэргүүн хатагтай Ким Хё Кюн нар Инчёон дахь гэрийнх нь ойролцоо цугласан олон мянган дэмжигчидтэйгээ мэндчилжээ. Ерөнхийлөгч сүр дуулиантай тангараг өргөх ёслолоос татгалзаж, ирэх долоодугаар сарын 17-нд болох Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн баярын өдрөөр тангараг өргөх үйл ажиллагааг хамтатган явуулах шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа И Жэ Мён Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ажлыг хүлээн авч, Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын армийн талаарх илтгэлтэй танилцжээ. Мөн Сөүлийн үндэсний оршуулгын газарт зочилж, Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, цэрэг, цагдаа болон эх орныхоо төлөө амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна.

Үйл явдлыг эргэн сануулахад, БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд итгэл үзүүлэхгүй шийдвэр гарсны дараа ээлжит бус сонгуулийг зохион байгуулж байгаа энэ юм. Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан И Жэ Мён нийт 17,28 сая сонгогчдын санал авсан нь 1987 оноос хойшхи ерөнхийлөгчийн сонгуулиудаас хамгийн олон хүний санал авсан түүхэн амжилт болж байна. Харин хувиар авч үзвэл 2012 онд Пак Гын Хэ ерөнхийлөгч сонгогчдын 51.55 хувийн санал авч дээд амжилт байгуулж байжээ.