Б.Сайнзаяа

Ховор заяанд төрсөн ихэр дуучин Г.Алтанхундага, Г.Алтанбагана нарын “Ихэр аялгуу” шинэ цомгийн нээлт тавдугаар сарын 31-ны өдөр White Event Hall-д болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр шинэ цомогт багтсан “Удармаа”, “Сайн нөхрийн ерөөл”, “Ивээл жилтэй бүсгүй”, “Ааваа дуулж явна” зэрэг дуунуудаараа хүрэлцэн ирсэн зочдынхоо сонорыг мялаасан юм. Тэд энэхүү цомогтоо өөрсдийн урын сангийнхаа 16 дууг дээжлэн барьжээ. “Хуучны дууг сэргээж дуулахдаа тухайн цаг үеийн уур амьсгал, онцлогийг орчин үеийн өнгө аястай хослуулж дуулсан” гэдгийг онцолж байсан юм. Тухайлбал, “Миний Улаанбаатар”, “Хардэл бээсийн унага” гэх зэрэг уран бүтээлүүдийг өөрсдийн хувилбараар шинэчлэн дуулжээ. Мөн оюуны өмчийг дээдэлж тухайн дуунуудыг зохиосон уран бүтээлчдээс албан ёсоор зөвшөөрөл авдаг байна.

Цомгийн нээлтэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, тус театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Ганчимэг нар уран бүтээлээрээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Нээлтийн үйл ажиллагаа дээр ҮУИТ-ийн гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Г.Алтанхундагын уран чадварын багш Гавьяат жүжигчин, дуучин Д.Баасанжав, Гавьяат жүжигчин, дуучин С.Цогтсайхан нар хүрэлцэн ирж шинэ цомгийн баярыг нь хуваалцлаа. Мөн Урлагийн Гавьяат Зүтгэлтэн А.Цэдэн-Иш, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Н.Буянбаатар болон Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Чинбат нар хүрэлцэн ирсэн юм. Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Чинбат “Аливаа цомог, дуу төрнө гэдэг нь тухайн дуучны хувьд том баяр байдаг” хэмээн хэлсэн. Дашрамд дуулгахад, ихэр дуучид нь дараагийн шинэ уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргасан байгаа ажээ.