Э.Отгон-Эрдэнэ
УДЭТ-аас жүжгийн зохиолын улсын уралдааныг зарлах, “Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги”-д оюутан элсүүлэх талаар, театрын дэргэдэх “Студи анги”-д жүжигчин элсүүлэх талаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хуралд УДЭТ-ын уран сайхны удирдагч, соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяа, УДЭТ-ын ерөнхий найруулагч, гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин, УДЭТ-ын зөвлөх, гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Монголын Үндэсний Номын Сангийн Захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо, Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, УДЭТ-ын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УДЭТ-ын зөвлөх, гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж жүжгийн зохиолын улсын уралдааны тухай мэдээлэл өглөө. Энэ талаар “ Жүжгийн зохиолын уралдаан нь түүхэн болон Аттила хааны тухай, хүүхдийн жүжиг, мюзикл (орчин үеийн) гэсэн дөрвөн номинацийн хүрээнд бүтээл хүлээн авна. Төрөл тус бүрд нэгдүгээр байр 20 сая төгрөг, хоёрдугаар байр 12 сая төгрөг, гуравдугаар байр найман сая төгрөг, нийт 160 сая төгрөгийн шагналын сантай. Жүжгийн зохиолыг наймдугаар сарын 31-нийг хүртэл хүлээн авна. Мөн шилдэг зохиолуудаар эмхэтгэл, ном гаргах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
Харин УДЭТ-ын дэргэдэх “Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно. Шалгаруулалтад оролцогчид жүжигчний мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй байх ёстой бөгөөд насны хязгаар заагаагүй байна.
СУИС, УДЭТ-тай хамтран Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний бакалаврын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар уран сайхны удирдагч Б.Хишигзаяа мэдээлэл өглөө. Тэрээр “Уг хөтөлбөрийн хүрээнд суралцагч мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдээ УДЭТ-д үзнэ. Харин СУИС-д ерөнхий эрдмийн болон бусад хичээлүүдээ үзэх юм. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн удирдлага дор дөрвөн жилийнхээ бакалаврын боловсролыг эзэмшинэ. Энэ ангид хамрагдсанаар ажлын байртай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ ангид суралцахын тулд монгол хэл болон нийгэм судлалын хичээлээр ЭЕШ өгсөн байх ёстой. Өмнө нь ЭЕШ өгсөн хүмүүсийн оноо нь 2.8 жилдээ хүчинтэй байдаг учраас хугацаа нь дуусаагүй хүмүүс ЭЕШ өгөхгүйгээр орж болно.
Ур чадварын шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Эхний шатанд өөрийн судалбар, хөдөлгөөний эвсэл буюу бүжиг, дуу, сонсгол ритм, уран уншлагаар шалгалт авна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг УДЭТ-ын фэйсбүүк хуудаснаас авах боломжтой” гэлээ.
Эх сурвалж:www.zms.mn