Т.БАТСАЙХАН, Б.БЯМБАДУЛАМ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, уржигдар шөнийн 04.00 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдсэн. Тэгвэл өчигдөр Төрийн ордон эзгүй, эл хуль өнжив. Уг нь таван байнгын хорооны хуралдаан болох товтой байв. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл, Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг тус тус хэлэлцэх товтой байв.
Гэвч өчигдөр хоёр байнгын хороо хуралдав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 54.2 хувийн ирцтэй хуралдаж, ганцхан асуудлыг хэлэлцсэн болоод тарав. Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ц.Идэрбат нар байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Ц.Идэрбат гишүүн малын генетик нь ашиг шимтэй холбоотой цогц асуудал. Иймд салбарын яам, шинжлэх ухааны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ үүнтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх нь чухал тул ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаад Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд асуудлаа тусгах нь зүйтэй гээд монгол морийг эрлийзжүүлж буй асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн М.Мандхай малын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн өмчит цөм сүргийн аж ахуйд хэчнээн мал байгааг тодруулаад үүнийг өсгөж, үржүүлсэн ажлын явц байдал, холбогдох тооцоо судалгаа хийхэд ажлын хэсгээс анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлээд төслөө батлаад байнгын хорооны хуралдаан таржээ.
Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж “Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд буюу Монгол Улсын төсвийн 20 хувьтай тэнцэж байна. Ийм их алдагдалтай байгууллага аудитаар сөрөг дүгнэлт авах нь тодорхой” гэж шүүмжиллээ.Хариуд нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хуримтлагдсан энэ алдагдал 1991 оноос эхлэлтэй. Нийт алдагдлын 66 хувь нь үнэт цаасны хүүгийн зардал” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Сангийн яамныхан улстөрчдийн захиалгаар төсвийн зарлагыг маш ихээр нэмдэг. Тиймээс төсвийн зарлага дээр Монголбанкынхан санаа зовж, есдүгээр сар гэхэд ЭЗБХ-нд саналаа өгдөг баймаар байна. Б.Жавхлан сайд та нарын саналыг авч хэлэлцдэг юм уу” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Монголбанк зарим талаараа Засгийн газартай хавсарч ажиллаад байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор Эрдэнэс бондыг эрсдэлтэй буюу шатлал-3 руу оруулсан байна. 850 орчим тэрбум төгрөгийн зээлийг яах бодолтой байна” гэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бондын хугацаа нь дууссан учраас Эрсдэлийн санг байгуулсан. Засгийн газрын тогтоол гарсан учраас энэ зээл төлөгдөнө гэж харж байгаа” гэж тайлбарлалаа.
“Огцрох амархан” жагсаалын хаалт болов
Төв талбайд өчигдөр “Огцрох амархан” тайван жагсаал сүүлийн өдрөө болж өндөрлөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах 21 хоногийн тайван жагсаалын үр дүнд хүрсэнд жагсагч нар баяртай байлаа. Жагсаалыг зохион байгуулалтын баг бүрэлдэхүүн үндэснийхээ дээл хувцсаа өмсөн иржээ.
Зохион байгуулалтын багийн гишүүн О.Уламсайхан “Хамтдаа нэгдэж чадвал огцруулах амархан гэдгийг залуучуудад ойлгуулах нь чухал байсан. Энэ хугацаанд бүх аргаараа тэмцсэн. Энэ нь бидний тэмцлийг үр дүнд хүргэсэн гэж бодож байна. Бид улстөрч болгонд итгэх албагүй. Хэнийг ч ямар ч үг хэлсэн авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Ялангуяа Ерөнхий сайдын сүүлийн үг үнэнээс их хол зөрсөн үг байсан. Гэхдээ зайлшгүй тэмцэх зүйл дээр жагсах сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Эцэст нь бид тайван замаар, алхам алхмаар тэмцсэний үр дүн гарсанд баяртай байна” гэлээ. Мөн Барилгын компаниудын төлөөллүүд өчигдөр хоёр дахь өдрөө жагслаа. “Сэлбэ дэд хорин минут” төслийн хүрээнд монгол болон хятад компаниуд өрсөлдсөнөөс хятадын хоёр компани тендерийн сонгон шалгаруулалтад шалгарсан. Уг шийдвэрийг монгол барилгын компанийн төлөөллүүд эсэргүүцлээ илэрхийлж төрийн ордны баруун хаалган дээр хоёр дахь өдрөө жагсаж байна. Энэ жагсаал үр дүнд хүртлээ үргэлжлүүлэн тэмцэнэ гэж жагсагчид ярьж байлаа. Монголын барилгачдын холбооны дэд ерөнхийлөгч Э.Хишигсүрэн “Өмнө нь бид гурван удаа хэвлэлийн бага хурал хийж төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн. Сэлбэ дэд бүтцийн тендерт монгол компаниудыг оролцуулах ямар ч боломжгүй өндөр босго тавьсан. Бага блокоор задалж 30 тэрбумаар эхэлсэн бол өнөөдөр монгол компаниуд, барилгачид ажилтай байх байсан. Олон жилийн түүхтэй туршлагатай компаниуд байгаа шүү дээ. Уг жагсаал маань монгол барилгачид хятад компаниудаас ажил горилж суух биш эх орондоо эзэн болж, баялаг бүтээн байгуулалтдаа гар бие оролцохыг хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7601)