С.УРТНАСАН

Өмнөд Солонгосын телевизийн алдартай хөтлөгч, жүжигчин Хон Жин Гёны улс төрийн өнгө аяс агуулсан хувцаслалт нь олон нийтийн шүүмжлэлд өртсөнтэй холбоотойгоор олон нийтээс уучлалт хүслээ. Хон Жин Гён зургаадугаар сарын 3-ны өдөр өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Тэрээр “Ийм эмзэг үед ийм тэнэг алдаа гаргасан гэдэгтээ итгэж ч чадахгүй байна. Би өөртөө үнэхээр үг олдохгүй байна” хэмээн олон нийтээс уучлал хүсжээ. Маргааны эхлэл нь түүний улаан өнгийн цамц өмссөн гэрэл зургуудыг нийтэлснээр тавигдсан юм. Энэхүү хувцаслалт нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үед нийтлэгдсэн тул зарим интернэт хэрэглэгчид түүнийг улс төрийн байр сууриа илэрхийлсэн хэмээн үзэж, шүүмжлэл хүлээлгэсэн байна. Маргаан өргөжиж, олон нийтийн анхаарлыг улам ихээр татах болсноор Хон Жин Гён асуудалд шууд хандсан мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр: “Сонгуулийн үеэр олны танил хүмүүс эргэлзээтэй сонголт хийж байгааг хараад харамсдаг байсан. Гэтэл одоо би өөрөө ийм эмзэг үед ийм тэнэг алдаа гаргасан байна. Үнэхээр гайхаж, өөртөө гүнээ урам хугарч байна.” хэмээн бичжээ. Маргаан улам гүнзгийрч буйтай холбогдуулан Хон Жин Гён нөхцөл байдлыг тодруулсан тайлбарыг дахин хийжээ. Тэгэхдээ “Надад шүүмжлэл дагуулсан зураг хоёр хоногийн өмнө Стокгольм хотын нэгэн дэлгүүрт авхуулсан зураг байсан. Би зүгээр л загвар нь сонирхолтой санагдаад зургаа нийтэлсэн болохоос тухайн үед өмсөж байсан цамцныхаа өнгөнд огт анхаараагүй.” гэж тайлбарласан байна. Мөн “Гадаадад олон жил амьдарч, Солонгос дахь нийгмийн уур амьсгалаас бага зэрэг холдсон учраас энэ бүхнийг анзаарах мэдрэмж минь сул байжээ. Ямар ч шалтгаан байсан, буруу бол бүрэн минийх. Тайлбарлах шалтаг байхгүй. Хариуцлагыг бүрэн өөр дээрээ хүлээж байна.” гэж хэлэв. Харин мэдэгдлийнхээ төгсгөлд “Ийм эмзэг үед хүмүүсийг будилаантуулж, сэтгэл санааг нь зовоосондоо чин сэтгэлээсээ дахин уучлалт хүсье.” хэмээн мэдэгдлээ дуусгажээ.

Эх сурвалж: zms.mn