Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор
-элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт…;
-санхүүгийн дэмжлэг;
-хандивын зардлыг ... ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх 11 заалт бүхий хуулийн өөрчлөлт орсон.
Татвараас хөнгөлөх дүн тухайн татварын жилийн татвар ногдох орлогын нэг хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байхаар 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө
Үүнд
1. Ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах;
2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах;
3. Соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;
4. Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;
5. Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах;
6. Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах,
Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;
7. Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;
8. Их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;
9. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа;
10. Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа.
11. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хуульд заасан үйл ажиллагаа гэж заасан.
Элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг нотлох:
Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавих чиг үүргийн хүрээнд:
-татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага;
-татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хэрэглэгдэх стандартыг тухайн салбарын онцлогт тохирсон байдлаар дараах салбарын сайдын тушаалаар батлагдсан. Үүнд:
Монгол Улсын Шадар сайдын 2025 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тушаал;
Зам, тээврийн сайдын 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн А/272 дугаар тушаал;
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/93 дугаар тушаал;
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны тавдугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаал;
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/79 дүгээр тушаал;
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаал;
Эрүүл мэндийн сайдын 2025 оны тавдугаар сарын 07-ны өдрийн А/189 дүгээр тушаал.
Үндсэн хөрөнгөнд тавигдах ерөнхий шаардлага нь:
-Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн, эсхүл өөр хуулийн этгээдийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан бодитой хөрөнгө оруулалт байх;
-Татвар төлөгчийн ашиг олох үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх;
-Татвар төлөгчийн өөрийн хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төслийн хувьд тухайн татвар төлөгчийн удирдах дээд байгууллагын баталсан бизнесийн төлөвлөгөөнд туссан, санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
-Татвар төлөгч бусад этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн этгээдтэй төсөл, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, хөрөнгө оруулалт авч буй талын санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
Санхүүгийн дэмжлэг, хандивт тавигдах ерөнхий шаардлага нь:
-Хариу төлбөргүй шилжүүлсэн мөнгөн болон биет хөрөнгө байх;
-Санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авч буй этгээд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив олгох татвар төлөгчтэй харилцан хамааралгүй байх;
-Иргэний хуульд заасныг баримтлан санхүүгийн дэмжлэг, хандивын тусгай зориулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д нийцүүлэн тусгасан гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх;
-Санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь Татварын ерөнхий хуулийн дагуу дахин давтагдашгүй дугаар бүхий цахим төлбөрийн баримтаар баталгаажсан байх; гэсэн ерөнхий шаардлагуудыг хангасан байна.
Мөн хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг нь тухайн салбарын онцлого, зорилтот хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамаарч нэмэлт тусгай шаардлага, стандартуудыг хангасан байхаар тусгажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 103 (7600)