Б.НАНДИН
Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT) Энэтхэг гаралтай америк оюутан Мега Вемуриг гэр бүлийн хамт сургуулийнхаа төгсөлтийн баярт оролцохыг хориглов. Вемури нь маш идэвхтэй оюутан байсан бөгөөд энэ жилийн төгсөлтийн ёслолын ерөнхийлөгчөөр сонгогдоод байжээ. Тэрээр өнгөрсөн сарын 29-ний өдөр болсон арга хэмжээний үеэр Палестиныг дэмжсэн үг хэлсэн учир сургуулийн зүгээс дээрх шийдвэрийг гаргажээ. Уг нь сургуулийн зүгээс түүнийг төгсөлтийн ёслолын хамгийн гол хүн байхаар төлөвлөж байсан ч MIT-ийн канцлер Мелисса Ноблсын мэдэгдсэнээр гэр бүлийн хамт коллежийн хотхонд орохыг хоригложээ. Сургуулийн канцлер буюу захирал Ноблс Вемурид илгээсэн цахим захидалдаа "Бид таны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тань хүндэтгэж байгаа ч та сургуулийн чухал ёслолыг тасалдуулж, тайзан дээрээс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь үзэл бодлоо илэрхийлэх цаг хугацаа, газар зэргийг тодорхой заасан MIT-ийн дэг журмыг зөрчсөн үйлдэл болсон" хэмээн мэдэгджээ.
Палестины үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг бэлгэддэг уламжлалт ороолт болох улаан keffiyeh өмссөн Вемури индэр дээрээ Газын зурвас дахь Израилийн үйл ажиллагаа болон MIT-ийн судалгааны холбоог хатуу шүүмжилсэн байна. Тэрээр төгсөгчдөө байр сууриа илэрхийлэхийг уриалж, "Израилийн эзлэн түрэмгийлэл бол MIT-тай судалгаа хийдэг гадаадын цорын ганц холбоотон юм. Израйл Палестин руу дайралт хийж байгаагийн ард манай улс төдийгүй манай сургууль тусалж, дэмжиж байна гэсэн үг. Израил Палестиныг газрын хөрснөөс арчих гэж оролдож байгааг бид харж байна тэр байтугай, MIT түүний нэг хэсэг болсон нь ичгэвтэр хэрэг” хэмээн индрээс хэлжээ.
Мега Вемури нь Жоржиа мужийн Альфаретта хотод төрж өссөн бөгөөд 2021 онд Альфаретта ахлах сургуулийг төгсч, MIT-д элсэн орсон. Тэрээр саяхан бакалаврын зэрэгээ компьютерийн шинжлэх ухаан, мэдрэл судлал, хэл шинжлэлийн чиглэлээр гурвалсан мэргэжлээр төгссөн бөгөөд төгсөх ангийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Эх сурвалж: zms.mn