П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Хөх дөл” төслийн продюсер, жүжигчин Г.Номууныг урилаа.

 

-Юун түрүүнд “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Сэтгэлд тод үлдсэн торгон агшин байсан болов уу?

-Баярлалаа. “Алдарт эх”-ийг хамгийн арын хаалгагүй одон гэдэг. Хүмүүсийн хэлдгээр төрдөө үнсүүлж одонгоо авсандаа баяртай байна. Энэ сарын 23-н манай гэр бүлийн баярын өдөр болсон. Энэ одонг авч байгаа нь би болохоос биш хүүхдүүдийг минь  өсгөлцөж байгаа алдарт аав, алдарт эмээ өвөө ард нь байгаа. Тэр өдөр миний хамгийн дотно хүмүүс талбай дээр цуглаж, баярт мөчийг минь хуваалцсан. Хайранд умбасан хамгийн сайхан өдрүүдийн минь нэг байсан.

-Тэгвэл таныг “ээж” гэх эрхэм алдрыг хүртсэн гайхалтай түүхээр яриагаа үргэлжлүүлье?

-Төрнө гэдэг эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хатуужил гээд бүх зүйлийг шалгадаг юм билээ. “Хүмүүний ховорхон заяаг олж төрөөд ээж гэх эрхэм алдрыг хүртэж, ийм гайхалтай зүйлийг мэдэрч байгаадаа баяртай байна. Ээж минь та  ямар мундаг юм бэ” гээд ээж рүүгээ уйлаад залгаж байсан. Гэхдээ одоо тэр үеэс илүү ээжийгээ ойлгож, алхам тутамдаа хайрлаж байгаа.

-Одоогийн Номууныг бүтээхэд аавын захиас, ээжийн сургаал их нөлөөлсөн болов уу?  

-Би айлын бага. Нэг эгч, хоёр ахтай. Аав маань хүүхдүүдээ муухай ч харж үзээгүй хүн. “Миний охин яамаар байна. Уужуу тэнүүн бай” гээд цөөн үгээр сургаж, өсгөсөн. Харин манай ээж “Охин хүүхэд ийм байх хэрэгтэй. Битгий залхуур. Хүнд тус болж бай. Энэ нь чиний ирээдүйд хэрэгтэй. Хариуцлагатай бай” гээд алхам тутамдаа зааж сургадаг байлаа. Тухайн үед эрхэлмээр санагддаг байсан ч одоо бол баярладаг. Аав, ээж хоёрынхоо олгосон хүмүүжлээр би өдий зэрэгтэй явж байна.

-Аав ээжийн энхрий охин өөрөө ээж болоод хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх эрхэм үүрэгтэй учирчээ?

-Хүүхдийг ингэж хүмүүжүүлнэ гээд батлагдсан зүйл байхгүй болохоор суралцаад л явж байна. Нөхөр бид хоёр “Хүүхдүүд маань аливаа зүйлд бид хоёрыг харж үлгэрлэнэ. Тиймээс хоёулаа хариуцлагатай байж, амласандаа хүрдэг байх ёстой” гэх зарчмыг баримталдаг. Хүүхдүүддээ “Хүнд амласан бол амласандаа хүр. Чадахгүй бол чадахгүйгээ хэл. Хариуцлагатай бай. Энэ бүхэн чинь эргээд чамд ирнэ” гэдгийг хэлж, захидаг. Хүүхдүүдээ тэгж их эрхлүүлдэггүй. Гэхдээ эрхлүүлэх үедээ тултал нь эрхлүүлдэг. Хөвгүүд учраас ааваасаа эмээдэг байх хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүдээ загнах үе байлгүй яах вэ. Гэхдээ дараа нь учрыг нь тайлбарлаж өгөөд сайн ярилцдаг. Тэр үед уйлаад ч хамаагүй ойлголцдог нь манай гэр бүлийн гол зарчим юм болов уу. Манай гэр бүл жил гаруй хөдөө амьдраад ирсэн. Харин тэнд л бидний яриад байгаа хатан ухаан байх шиг ээ. Монгол хүний тэсвэр хатуужил, уужуу зан, эрэгтэй хүний уул шиг нөмөртэй байдал хөдөө илүү мэдрэгддэг санагдсан. Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цэнгэг устай амар тайван орчинд монгол ахуй нь өөрөө хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм билээ. Жилийн дөрвөн улирлын байгаль цаг агаарт өөрсдөө дасан зохицоод аргалаа түүж, усаа авах зэрэг ахуйгаасаа хүмүүждэг. Сая жил гаран амьдрах хугацаанд хүүхдүүдийн ааш зан, байгаа байдал эрс өөрчлөгдөж байгаа нь мэдэгдсэн.

-Хөдөө өссөн хүүхэд биеэ даах чадвар өндөртэй гэдэг. Танай хөвгүүдийн хувьд монгол ахуйгаасаа их зүйл суралцсан байхдаа?

-“Хөх дөл” төслөө эхлүүлэхийн өмнө хүүхдүүдээсээ их эмээж байсан. Хөдөө очоод байр луугаа явъя гээд байвал хэцүү. Гэтэл хүүхдүүд маань хот явахгүй хөдөө байна гэдэг болсон. Одоо хичээлээ амрахаар түрүүлээд явж байя гээд байгаа. Том хүү маань анх очоод морь хөтлөхдөө хүртэл айдаг байсан бол жилийн дараа хурдан морь унаад наадамд уралдлаа. Энэ нь монгол хүний цусанд байдаг шинж чанар юм шиг ээ. Тэр хүүхэд морио унахын тулд усална, эмээллэнэ цаашлаад эдлэл хэрэглэлээ мэдэж авч байгаа юм. Ингээд алхам тутмаасаа ахуй соёлоо танин мэдэж, суралцаад хүмүүжээд ирсэн. Би төслийнхөө нэг ангид хэлсэн байгаа. Үүнийг мянга номоос уншаад ойлгохгүй. Нүдээр үзэж, гараар бариад бодит байдалд очиход их өөр юм билээ. Бид хүүхдүүддээ дөрөө, олом гэж энийг хэлнэ. Сур гэж хэлээгүй байхад өдөр тутмын амьдралаасаа сурчихдаг давуу талтай. Хот шиг тоглоомын талбай байхгүй ч өөрсдийгөө саатуулаад тоглоод байдаг. Сүүлдээ гэртээ ороод хоолоо идээд өгөөч гэж гуйдаг болсон. Хот айлын Дууяа эмээгийн бор авдраас хааяахан амттан иднэ. Дахиад гэж нэхэхгүй. Гэхдээ хотод байхдаа ч амттан бага идэж, утсаар бага тоглодог байсан нь нөлөөлсөн байж магадгүй.

-Хотод төрж өссөн танд хөдөө нутагт амьдрахаар шинэ соргог зүйл, сорилт их

-Бид УДЭТ-аасаа чөлөө аваад том шийдвэрийг зоригтойгоор гаргаад явсан. Үүнд миний хүүхдүүд нөлөөлсөн гэж болно. Ээж нь хөдөөг мэдэхгүй байна. Гэтэл аав нь мэдэж байгаа нь манай гэр бүлийн том давуу тал юм. Өмнө нь наадмын зураг авалт, морь мал гэхэд “Алтангэрэлээ” л гэдэг байлаа. Тиймээс хөвгүүдээ монгол хүн юм чинь морио унадаг, ёс уламжлалаа мэддэг болоосой гэсэн үүднээс явсан. Харин очсоны дараа төсөөлснөөс өөр байсан. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл завгүй хөдөлмөрлөх малчдыг харахад эрч хүч, энерги нь хаанаасаа ундраад байгаа юм бэ гэмээр. Түүнийхээ хажуугаар үр хүүхдээ зөв сайхан өсгөж хүмүүжүүлж байгаа нь үнэхээр гайхалтай санагдаж билээ. Бид хотод завгүй байдаг ч тэнд ахуйн талаасаа илүү завгүй байдаг юм билээ. Мөн хүнсний хувьд эрүүл. Бүгдийг өөрсдийн гараар боловсруулна. Манай төслийн багийнхан аймгийн сайн малчин н.Ганбаатар ахынхыг түшиглэж очсон. Энэ нэг жилийн хугацаанд хүний амьдралд тохиолддог  тэр бүгдийг тууллаа. Би шинэ хүнээ өлгийдөн авлаа. Ганбаатар ахын маань эхнэр бурхан боллоо. Тогтох ах, Бүжээ эгч, Ганбаатар ахын хүүхдүүд гээд хот айлынхан маань биднийг халуун дотноор угтаж, дэмждэг байв.

“Би энийг суръя. Та надаа заагаад өг” гэхгүй байгаа юм. Тэр хүмүүсийн хийж байгааг хараад, мэдэхгүй юм аа асууна.  Анх очихдоо гэрийнхээ хөшгийг татаж чадахгүй байсан хүн саяхан хотод гэрээ барихдаа өөрөө хөшгөө татчихлаа. Өчигдөрхөн өрмөө хайлаад хайлмаг хийгээд хөвгүүддээ өгөөд баярлаж суулаа. Хамгийн гол нь хүүхдүүд маань монгол ахуйдаа дуртай болсон. Багадаа санаж, сэдэж хийж байсан юм том болсон ч мартагддаггүй. Магадгүй үүнээс хойшлоод хүүхдүүдийнхээ өсвөр насанд явсан бол арай хожимдох байсан байх.

-Шинэ хүн маань гэнэтийн бэлэг байсан уу? 

-Төслийн багаа бүрдүүлэхээр координатор Хонгорзул, найруулагч Төгөлдөр хоёртойгоо уулзсан. Тэр хоёр маань монгол ахуй соёлтой холбоотой контент олон жил хийсэн нэг гэр бүлийн хоёр. Нэг хот айл дээр өв соёлоо бүрэн харуулсан нэвтрүүлэг байдаггүй гээд дуртай хүлээж авсан. Бид баримтад, реалити нэвтрүүлэг гэдэг утгаараа шинэ хүн төрвөл гоёдоо гэж ярьж байсан юм. Тэгээд санхүүжилт, бэлтгэл ажлаа хангаад явж байтал миний хүү бурхны бэлэг шиг хүрээд ирсэн. Манай гэр бүлийн хувьд төслөө хийхийн хажуугаар шинэ хүнээ өлгийдөж авна гэдэг том ажил нэмэгдсэн чадна гээд зориглосон. Төсөл эхэлж, Баянхонгор аймгийн Галуут сумыг зориход гурван сартай жирэмсэн байсан. Замд хөдлөхийнхөө өмнө лайв хийхэд зарим хүмүүс их гярхай мэдсэн байсан. Гэхдээ тас нуугаад 12 сард хүүгээ төрүүлсэн. Их сайхан бэлгэшээлтэй зүйл болсон. Хөх дөл төслийн маань үргэлжлэл, голомт сахисан хүү маань энэ үед л төрөх учиртай байж боддог. Хүүгээ Хонгор хайрхныхаа өвөрт, сумын эмнэлэгт төрүүлсэн. Бид тоглоомоор хүү маань ах нарыгаа бодвол хөрвөөх газартай гэдэг. Том болоод нутаг руугаа явлаа гэхэд Галуут тосоод авна.

-Гурван хүүхдээ хотод тээж, төрүүлсэн хүн хөдөө суманд төрнө гэхээр их зоригтой алхам хийжээ?

-Сумын эмч нар аймагт төр гэдэг байсан. Гэхдээ гэнэт ус гараад замдаа машинд төрчихвөл яах юм гээд сумандаа төрсөн юм. Манай гурван том тайзан дээр, хурдан хэмнэлтэй амьдралд төрж, өссөн. Харин бага хүүгээ төрүүлээд амрах болов уу гэж бодсон ч хөдөөгийн завгүй амьдрал, “Хөх дөл” төслийн зураг авалт гээд их ажилтай байсан. Хөдөө төрөхийн нэг давуу тал нь цэвэр агаар юм билээ. Мөөмөө идчихээд унтаад л байна. Манай гурван том их хөдөлгөөнтэй. Харин бага маань их тайван.

-Танай гэр бүл хүүхдүүдийнхээ нэрийг яаж өгдөг вэ?

-Ер нь хүүхдүүдийнхээ нэрийг аав нь давуу эрхтэй өгдөг юм байна. Аав ээж нарынхаа саналыг сонсоно. Гэхдээ биднийг өөрсдөө өг гэдэг. Том хүүгийнхээ нэрийг нөхөр маань өвөөтэйгөө ярилцаад бүх юмны жанжин орой нь байгаараа гэдэг утгаар Бүхжанжин гэх нэрийг хайрласан юм. Би анх сонсоод “Ямар содон нэр вэ” гэж бодож байлаа. Айлын ууган хүүхэд учир бүхнийг манлайлж яваарай гэсэн утгатай. Хоёр дахь хүүдээрээ есөн үеэрээ мөнхөд байг гэдэг утгыг бодож Есөнмөнх гэдэг нэрийг хайрласан. Гурав дахь хүүдээрээ бид хоёр бие биеийнхээ өгсөн нэрийг бишээ гэж явсаар нэг шөнө хүүгээ хөхүүлээд сууж байтал манай хүн Мөнх-Удам гэж нэрлэе гээд босоод ирсэн. Тэр нэр нь надад таалагдсан. Нөхрийнхөө удмыг есөн үеэр нь дархалж байгаа гэдэг утгаараа удам нь үргэлж мөнхөд байхыг бэлгэдсэн. Нөхрийн маань зүүдэнд өвөө, эмээ нь орж ирээд хэлсэн гэдэг. Бага хүүг маань Хишигтжанжин гэдэг. Энэ нэр манай гэр бүлтэй яагаад ч юм цуг яваад байдаг юм. Хоёр дахь хүүдээ  өгөх гэж байгаад больчихсон байсан юм. Айлын дөрөв дэх хүүхэд аав ээжийнхээ хишиг болж ирдэг болохоор Хишигтжанжин гэж нэрлэсэн. Үнэхээр Баянхонгор нутаг, миний хүү хоёр одоо болтол буян хишгээ хайрласаар байгаа.

-Дөрвөн хүүгийн ээж байх ямар байдаг вэ?

-Дөрвөн хүүгийн ээж байна гэдэг үнэхээр ховор хувь заяа. Миний хөвгүүд одоо балчирхан байгаа ч аавтайгаа нийлээд ээжийгээ эрхлүүлээд үнэхээр жаргаадаг. Намайг жоохон өвдөхөд дөрвөн талаас маань атгаад, гэрээ цэвэрлээд, ээжид гэнэтийн бэлэг барья гээд аз жаргалд умбуулдаг. Хүүхдэд болохоор сахилгагүйтэх үе байна. Гэхдээ дараа нь уучлаарай ээжээ гээд хайрлаж, хүндэлдэгт нь баярладаг. Би дөрвөн хүүдээ “Эмэгтэй хүнийг хайрлаж, хамгаалж, хүндэлж, бүх зүйлд уужуу хандаж бай” гэдэг.

-Та тэгвэл ярилцлагынхаа төгсгөлд дөрвөн сайхан хүүдээ хандаж сэтгэлийн үгээ хэлээч?

-Сая алдарт эхийнхээ одонг аваад бэсрэгхэн цайллага хийж байхдаа бодож байсан юм. Дөрвөн хүү минь миний амьдралын гайхамшиг. Том хүү маань надад ээж гэх эрхэм алдрыг хайрласан. Хоёр дахь хүү минь намайг Жульета гэх мөрөөдлийнхөө дүрд тоглоход хэвлийд маань байсан. Гурав дахь хүү маань намайг дархалж, дөрөв дэх хүү маань “Алдарт эх” болгосон. Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэг. Тиймээс миний хөвгүүд зөв яваарай гэж хэлмээр байна. Аав ээж хоёр нь гар гараасаа хөтлөлцөөд үргэлж зөв зүйлд үлгэрлэж байх болно. Хайр дүүрэн гэр бүлд өссөн хүүхдүүд хайр дүүрэн гэр бүлийг бүтээх байх. Та нартаа маш их хайртай шүү.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 102 (7599)