Б.Сайнзаяа
Өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр Олимп, Паралимпын наадамд оролцох “Үндэсний шигшээ баг”-ийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий “Үндэсний хороо”-ны анхдугаар хурал боллоо. Хурлын үеэр Лос-Анжелес хотноо болох “Олимп-2028”, “Паралимп-2028” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэдээлснээр, “Олимп бол улс орнуудын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулдаг, соёл, спортын дипломат суваг юм. Манай тамирчдын амжилт залуучуудад үлгэр дуурайлал болж, нийгмийн эрүүл мэнд, үндэсний эв санааны нэгдэл, итгэл үнэмшлийг бэхжүүлж байдаг. Тиймээс Олимпын бэлтгэлийг төрийн бодлогын хүрээнд тасралтгүй, тогтвортой дэмжиж, шинжлэх ухааны ололт, техник технологид суурилсан бэлтгэлийн бааз суурийг бий болгож, санхүүжилтийн оновчтой системийг бүрдүүлэх нь чухал байна” гэсэн юм.