Б.Сайнзаяа
Маргааш буюу тавдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд “Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийнэ. Энэхүү төв нь Монгол, Солонгос улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд, Солонгос улсын буцалтгүй тусламжаар баригдсан юм. Уг сургалтын төв нь нийт 2739.8 м² талбайтай бөгөөд 250 хүний багтаамжтай гол сургалтын танхимтай ажээ. Үүнээс гадна 10-30 хүний багтаамжтай зургаан тусгай танхимтай. Мөн хоол үйлдвэрлэл, тогоочийн мэргэжлийн сургалтад зориулсан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лаборатори танхимуудаас бүрдэнэ. Нээлтийн арга хэмжээний үеэр “Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” баримт бичгийг танилцуулах юм. Уг стратегийг “Бостон консалтинг” групптэй хамтран боловсруулжээ. Мөн Монголын аялал жуулчлалын гадаад сурталчилгааг шинэ түвшинд хүргэх зорилготой “Go Mongolia 2.0” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.