Б.НАНДИН
Каннын кино наадмын шилдэгийн шилдэгээр Ираны найруулагч Жафар Панахи шалгарлаа. Тэрээр тайзан дээрээс шагналаа гардан авах үеэрээ "Одоо хамгийн чухал зүйл бол манай улс орны эрх чөлөө юм" хэмээгээд “Хэн ч бидэнд ямар хувцас өмсөх, юу хийхийг зааж зааварлах ёсгүй" гэсэн юм. The Guardian сэтгүүл тус киног “Өдөр тутамд тулгарч байдаг төрийн дарангуйлал ямар аймшигтай харгис байдаг тухай өгүүлсэн энэ кино бол Панахигийн хамгийн сэтгэл хөдлөм киноны нэг юм” хэмээн тодорхойлжээ.
Өдгөө 64 настай Панахи үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хоригдож, эх орондоо кино хийх эрхээ хасуулж байжээ. Харин сүүлд 2023 онд шоронгоос суллагдсаныхаа дараа Панахи "Энэ зүгээр л осол" киног нууцаар хийж эхэлжээ. "Шоронд орохоосоо өмнө, тэнд уулзаж байсан хүмүүстэй танилцахаас өмнө, тэдний түүх, гарал үүслийг сонсохоос өмнө миний кинон дээр гардаг асуудлууд огт өөр байсан” хэмээн найруулагч Hollywood Reporter сэтгүүлд ярьсан байна. “Энэ зүгээр л осол” кино одоогоор Канн, Берлин, Венецийн кино наадмуудын дээд шагналыг хүртээд байгаа бөгөөд дараагийн амжилт нь Оскар байх болов уу гэсэн таамаг хөвөрсөөр байна.
Эх сурвалж: zms.mn