Цэвэгдоржийн Мягмарбаяр 

Налгар зуны айсуй энэ өдрүүдэд Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй. Алдарт эхийн одонгоо төрийн ордонд Ерөнхийлөгчөөс гардсан ээжүүдийн цуваа  тасралтгүй хөвөрнө. Баярлаж цугласан гэр бүлүүдийн дунд  “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” буланд урьсан зочны маань  бэр, охин хоёр нэг өдөр “Алдарт эхийн” II одонгоо гардахаар ирсэн нь энэ юм. “Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс”, “ Миний хотын өнгө” , “Хотын ногоон байгууламж бага ландшафт, дендрологийн үндэс”, “Диваажинд уулзъя”,  “Эжий бурхан”, “Зүйрлэшгүй их хатан тэвчээр”, “ Хүний орчлон” гэх мэт мэргэжлийн болон яруу найраг, нийтлэлийн 50 гаруй ном бичсэн  Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан,Биологийн ухааны доктор, профессор /Ph.D/, зохиолч нийтлэлч Бадрахын Чимэдийн ажил, амьдралын түүхээр аялсан юм. 

 

 

Ээжийнхээ сааж үлдээсэн  аяга сүүтэй  үлдсэн бяцхан Чимэд


Нийтлэлийн маань баатар Б.Чимэд Увс аймгийн  Малчин суманд 1950 оны Цагаан сарын өмнө малчин ард Бандийн Санжийн 10 хүүхдийн нэг болон мэндэлжээ. Угийн хар багадаа сүм хийдэд шавилан суусан номт эцэг Санж хүүгийнхээ төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гарагийг татваас төмөр суудалтай хөх “үхэл” хэмээх  нохой өдөр байсан тул  хүүгийнхээ ашдыг бодож Чимэд хэмээх нэрийг шивнэжээ. Билэгт насан урт сайхан нэр хайрлахдаа “Миний хүү ингээд удахгүй айлын хүн болоод явна даа” гэж бяцхан харуусал сэтгэлийг нь эзэмдсэн гэдэг. Яах аргагүй нагац нарын тохирсон яриа  учраас хэлсэн дээ хүрч 36  хоногтой бяцхан хүүгээ ээжийнх нь аавын дүү болох Бадрах хэмээх нагац ахындаа өргүүлжээ. Нэг л өдөр нэхий өлгий засаж ээж нь хүүгээ хүргэж өгөн нэг хоноод аяга сүү сааж үлдээгээд ар гэртээ буцсанаас хойш Чимэд Бадрахын том хүү болж өсжээ. Араасаа хоёр эрэгтэй дүү дагуулжээ. Төрсөн аав Б.Санж нь хүрээ хийдэд шавилан суусан эрдэм номтой лам хүн байжээ. Хожим хүрээ, хийд тарсны дараа гэр бараалж  түүний төрүүлсэн ээж болох Б.Бөнжинтэй  гэр бүл болж арван сайхан хүүхэдтэй өнөр өтгөн аж төржээ. Ангирын зулзага шиг арван хүүхдээ бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлсэн нь ном, эрдэмтэй лам аавынх нь нөлөө, үлгэр дуурайлал аж. Түүний өвөг дээдэс, ах, дүү  ураг төрөл нь эрт үеэс Увс аймгийн зүүн говь тал, хангай  хосолсон элсэн манхан болон Увс, Хяргас их нуурын дунд Тогтохын шил хэмээх сайхан газар нүүдэллэн аж төрж амьдарсаар энэ цагтаа  золгожээ.

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 98 (7595)