П.Лхагважаргал

Гэрэл зургийг Л.Номингэрэл

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор М.Санждоржийн хувийн хөмрөгийг түүний үр хүүхдүүд Үндэсний төв архивд ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө. Энэхүү хөмрөгт түүхч М.Санждоржийн намтар, судалгааны шинжилгээний бүтээлийг багтаасан 101 хадгаламжийн нэгж бүхий 4678 хуудас  цаасан суурьтай баримт, 112 ширхэг гэрэл зургийн үнэт өв багтжээ. Тус үнэт өвийг өнөөдөр Үндэсний төв архив хүлээн авч, сан хөмрөгөө баяжуулан албан ёсоор төрийн хөмрөг үүсгэж байна.

Монгол Улсын түүхэн хөгжлийг хамарсан нийгэм, улс төр, соёл, шинжлэх ухааны үнэ цэнтэй баримтуудыг тасралтгүй бүрдүүлж хадгалах, төрийн сан хөмрөгийг баяжуулах нь Үндэсний төв архивын эрхэм зорилго билээ. Уг зорилгын хүрээнд шинжлэх ухааны салбар бүрд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, судлаачдын амьдрал замнал, судалгаа шинжилгээний үр дүнг агуулсан түүхэн баримтыг хүлээн авч, архивын сан хөмрөгт бүртгэн хадгалдаг байна. Ийнхүү 1928 онд хамгийн анх Монгол Улсын ерөнхий сайд Цэрэндоржийн гэрт хадгалагдаж байсан хувийн гаралтай ховор баримтуудыг Үндэсний төв архив хүлээн авч, хувийн архив бүрдүүлэх ажил эхэлжээ. Харин одоо тус архив төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн 50 орчим хувийн хөмрөг хадгалагддаг байна. Ийнхүү өнөөдөр хувийн хөмрөгийн тоо нэгээр нэмэгдэж, түүхийн шинжлэх ухаанаар судалгаа шинжилгээ хийх сонирхолтой судлаачдад нэрт түүхч М.Санждоржийн хувийн хөмрөг нээлттэй болов.

М.Санждорж нь 1931 оны тавдугаар сарын 15-нд Завхан аймгийн Сантмаргац сумын Мойвын дэнж хэмээх газар төржээ. Тэрээр есөн настай Сантмаргац сумын сургуульд элсэж 1947 онд дунд сургуулиа төгссөн бөгөөд дараа жил нь МУИС-д түүхийн багш мэргэжлээр элсжээ. Ийнхүү түүний түүхийн шинжлэх ухааны салбарт ихийг хийж бүтээсэн эрдмийн замнал эхэлсэн байна. Тухайлбал, 1958-1961 онд 3ХУ-ын А.А.Ждановын нэрэмжит Ленинградын их сургуулийн аспирантурт суралцаж, түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1972-1974 онд 3ХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн докторантурт суралцаж, шинжлэх ухааны доктор, 1996 онд Засгийн газрын дэргэдэх Эрдмийн цол зэрэг олгох комиссоос профессор цол хүртсэн юм.