П.АМГАЛАН
УДБЭТ-ын хамт олон 2025 онд гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Австрали улсын удирдаачтай хамтран тоглох гэж буй “Сонгодог үдэш” тоглолт юм. Энэ талаар УДБЭТ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр Австри Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын соёлын асуудал эрхэлсэн зөвлөх, БНХАУ-д Австри Улсаас суугаа Элчин сайдын Яамны Соёлын атташе хатагтай Гүдрүн Хардиман Поллрос, хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер, УДБЭТ-ын захирал гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын уран сайхны удирдагч Г.Ганцэцэг, УДБЭТ-ын ерөнхий удирдаач соёлын тэргүүний ажилтан Ц.Тэлмүүн-Очир, соёлын зохицуулагч М.Гэрэлсайхан нар мэдээлэл өглөө.
И.Штраус, Моцарт, Ф.Шуберт, Э.В. Корнголд, Ж.Чулуун зэрэг дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд эгшиглэх “Сонгодог үдэш” тоглолтыг энэ сарын 25-нд үзэгчдээ хүргэх гэж байна. Тоглолтын онцлог нь Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Австрийн соёлын форумын хүрээнд хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецбергер тавдугаар сарын 18-28-нд Монголд айлчлан ирж, бэлтгэл ажилдаа ороод буй. “Сонгодог үдэш”-ийг УДБЭТ-ын ерөнхий удирдаач соёлын тэргүүний ажилтан Ц. Тэлмүүн-Очир, удирдаач Маттиас Флецбергер удирдах бөгөөд УДБЭТ-ын театрын уран бүтээлчид оролцох юм.
Хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецбергер нь Австрийн Вена хотод төрсөн ба таван настайгаасаа төгөлдөр хуурч мэргэжлээр Вена хотын урлагийн сургуульд суралцан төгсжээ. Дэлхийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн олон уралдаанд түрүүлсэн алдартай төгөлдөр хуурч бөгөөд концертын болон дуурийн удирдаач мэргэжлээр суралцан төгсөж, олон дуурь болон симфонийн бүтээлүүдийг Вена хотдоо болон олон улсад туурвисан туршлагатай уран бүтээлч юм.
"Балетын гала" тоглолт энэ сарын 24-нд болно
Мөн УДБЭТ нь балетын урлагийг хөгжүүлэх, дэлхийн жишигт хүргэх, балетын боловсон хүчнийг багаас нь бэлдэх зорилгоор 2022 оноос уламжлал болгон “Ballet competition"-нийг зохион байгуулж буй. Тус тэмцээн нь ОХУ-ын балетын фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тавдугаар сарын 23-24-ний хооронд зохион байгуулж байна. “Ballet Competition” тэмцээнийг Соёл Спорт Аялал Жуулчлал Залуучуудын Яамны дэмжлэгтэйгээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас санаачлан зохион байгуулж байгаа юм.
Тус тэмцээнээр дамжуулан балетын урлагийг улам өргөжүүлж хөгжүүлэх, балет сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, балетын ирээдүйн боловсон хүчин бэлтгэх зорилготой аж. Энэ удаагийн тэмцээн 6-14 насны ангиллаар зохион байгуулагдах юм байна. Тэмцээнээс шилдгээр шалгарсан хүүхдүүд болон УДБЭТ-ын уран бүтээлчид хамтарсан "Балетын гала" тоглолт энэ сарын 24 -нд болно.