Т.САЙХАН
ХҮН намын дарга Т.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрээр "Хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилсэн. Хэрэв ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш. Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр рейтингтэй улстөрч байх байсан нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил маш хүчтэй сөрөг хүчин хийж байсан. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна. Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Т.Доржханд, ХҮН намын өөрийн рейтингээс биш Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явж байна. Ингээд хамтарсан Засгийн газарт орсонд хувьдаа талархдаг. Энэ бол улс орны эрх ашиг юм. Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд ийм тодорхойгүй байдал үүсч байгаагүй. Өнөөдөр 3.5 сая хүн амтай Монголд битгий хэл, 350 сая хүн амтай Арабын улсууд нэгдэн хүнд сорилтыг давж байна. Энэ үзэл санаа бол өнөөдрийн нөхцөл байдлыг илтгэж байна. Хамтарсан Засгийн газар үүсээд хамгийн олон суудал авсан улс төрийн хүчин нь улс орны эрх ашгаа урдаа тавьж, өөрийн улс төрийн ашиг сонирхлоо хойшоо тавьж байгаа нь дэлхий даяар болж байгаа үйл явдал дунд зөв сонголт хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байна.
МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу. Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Парламент чадамжгүй учраас Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг тоглоом руу орж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn