С.УРТНАСАН

Girls’ Generation хамтлагийн гишүүн, жүжигчин Юуна төрсөн өдрөө тохиолдуулан онцгой шууд дамжуулалт хийх гэж байна. Тавдугаар сарын 19-нд SM интертаймент  Girls’ Generation-ийн албан ёсны сувгуудаар дамжуулан “YOONA’ s MINI ROOM” нэртэй мэдэгдэл нийтэлж, энэхүү үйл явдлыг зарлалаа. Тус агентлаг “Юунагийн төрсөн өдрийг тохиолдуулан ‘YOONA’s MINI ROOM’ шууд дамжуулалт тавдугаар сарын 30-ны өдөр 17:00 цагт явагдана” гэж мэдээлсэн байна. Мөн шууд дамжуулалтын хөтөлбөрт оролцох зорилготой судалгаанд фенүүдийг оролцохыг уриалсан бөгөөд тавдугаар сарын 21-ний 23:59 цагаас өмнө ирүүлсэн хариултуудыг Юуна шууд дамжуулалтын үеэр уншиж, бодитоор харилцан хариулах боломжтой гэнэ.

YOONA’s MINI ROOM” нь Юунагийн төрсөн өдөр буюу тавдугаар сарын 30-ны 17:00 цагт Girls’ Generation хамтлагийн албан ёсны Weverse болон тикток сувгуудаар шууд дамжуулагдана. Үүнтэй зэрэгцэн, Юуна “Тиран хааны тогооч” нэртэй шинэ драмын зураг авалтад оролцож байгаа бөгөөд энэхүү бүтээл нь зохиолч Пак Гүг Жэ-гийн 2022-2023 оны хооронд цувралаар нийтлэгдсэн “Ёнсангуны тогооч болж амьд үлдэх нь” нэртэй вэб романаас сэдэвлэн бүтээжээ. Драмд Юуна гол дүр болох Ён Жи Ён гэх Франц тогооч бүсгүйн дүрийг бүтээж байгаа бөгөөд тэрээр цаг хугацаагаар аялж, тансаг амтлах мэдрэмжтэй дарангуйлагч хаанд хоол хийж үйлчлэх болдог. Уг уран зөгнөлт, амьд үлдэх, романтик төрлийн драм нь 2025 оны хоёрдугаар хагасаас цацагдах төлөвтэй байна.

Эх сурвалж: zms.mn