П.АМГАЛАН
Монгол орны дөрвөн зүг, найман зовхист түмэн олныхоо бахархалт эр бяр нь тэгширсэн идэрхэн хүчтэнүүд төрсөөр байна. Их Богд уул, Зээрэнгийн хөндий, Номингийн говь, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур ,Говь Алтайн нурууны уулс зэрэг байгалийн үзэсгэлэн цогцолсон Баянхонгор аймаг эв хав нь бүрдсэн, цагийг эзэлсэн хүчтэнүүдтэй.
Улсын арслан П.Аюуш, улсын гарьд П.Сүхбат тэргүүтэй үндэсний бөхийн манлай болсон эрхмүүдийг залгамжилж, уран хурц барилдаанаараа шуугиулан цэнгүүлэгч дөрвөн бөхийг “Зууны мэдээ” сонин онцолж байна.
Улс давж, тивд алдаршсан Н.Золбоо
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага Н.Золбоо нь 1990 оны арванхоёрдугаар сарын 4-нд төржээ. Тэрээр тус сумаас төрсөн гурван улсын цолтны нэг бөгөөд 2008 онд сумын заан, 2013 онд аймгийн заан хүртэж байв. Ийнхүү амжилтаа бататгаж даваа ахин барилдаж, 2014 онд аймгийн арслан хүртэж, 2016, 2017 онд удаа дараа цолоо баталжээ. Харин төр түмний цэнгэл үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд тав дахиа зодоглож, 2018 онд одоогийн улсын харцага цолны болзол хангаж байсан билээ. Дахин дөрвөн жилийн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор цолоо баталж, үнэн зоригт чимэг хүртсэн юм. Мөн Тува улсын 2023 оны баяр наадмаар тав даван шөвгөрч, тус улсын начин цол хүртсэн билээ. Тэрээр энэ амжилтуудынхаа үндэс их спортын сууриа чөлөөт бөхөөр тавьсан юм.
Чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн тамирчин билээ. 2011 онд “Mongolia open” олон улсын тэмцээнээс 96 кг-д алтан медаль авч, амжилтын гараагаа эхэлж байсан тэрээр энэ жилийн улсын аваргаар дахин зодоглож хүрэл медаль хүртсэн юм. Ингэхдээ дотны дүү агсан Ө.Батзул начинд хүндэтгэл үзүүлсэн нь түмэн олны сайшаалыг хүртэж байв. Тэрээр одоо Баянхонгор аймгийн “Тэргүүн Богд” үндэсний бөхийн дэвжээг ахалж, нутгийн бөхчүүдээ улсын цолонд хүрэх гүүр болон бэлтгэл сургуулилтыг нь хангуулж байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 94 (7591)