Ч.БЯМБАХАЖИД
Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” хэлэлцүүлгийг өчигдөр төрийн ордонд зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хэлэлцүүлгийг чиглүүлж, оролцогчдод хөтөлбөр, мэдээлэл, дэгийг танилцуулж мэдээллэл өглөө. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа аж.
“ЭХХШТХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байна”
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжийн өнөөгийн байдал, хэрэгжилт, бусад улс орны туршлага” сэдэвт илтгэл танилцууллаа.
Тэрбээр ялгаварлан гадуурхах гэмт хэргийн тухай ойлголт, тодорхойлолтыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нийгмийн тодорхой бүлгийн гишүүнийх нь хувьд хүмүүстэй бусад хүмүүсийн адил эрх тэгш хандахгүй байх үйлдлийг ялгаварлан гадуурхалт гэж тодорхойлдог байна. Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу үндэс, шашин, үндэс угсаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлдэг гэв.
Энэ талаарх олон улсын хэм хэмжээ, баримт бичгүүдийн талаар, Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн тусган зохицуулсан байдаг талаар танилцуулахдаа “Сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2016-2025 оны эхний хагас жилийн байдлаар эрх бүхий байгууллагад ялгаварлан гадуурхсан гэх гомдол, мэдээлэл 186 бүртгэгджээ. Тодруулбал, үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхагдсан гэх 15, хэл, зан заншлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 2, насаар ялгаварлан гадуурхагдсан гэх 12, хүйсээр ялгаварлан гадуурхагдсан гэх 7, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 5, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 77, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхагдсан гэх 4, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхагдсан гэх 30 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн шашин шүтлэгийн улмаас ялгаварлан гадуурхагдсан гэх 2, үзэл бодол, боловсролын түвшнээс үүдсэн ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх 28 гомдол, мэдээлэл бүртгүүлсэн байна. Эдгээрээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн боловч уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад өнөөдрийн байдлаар ялгаварлан гадуурхахтай холбогдуулан нэг ч хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Иймд олон улсын жишгийн дагуу, хүний үндсэн эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь зохистой талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийттэй зөвшилцөх шаардлага үүссэн” гэсэн юм.
Мөн тэрээр энэ төрлийн гэмт хэрэг огт үйлдэгдэхгүй байна уу, эсхүл илрүүлж чадахгүй байна уу гэдэг асуудлын хүрээнд хийгдсэн судалгааны дүгнэлт, Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг ялгаварлан гадуурхалтын төрлүүдийг танилцуулсан.
Ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт өртсөн хэдий ч гомдол гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь хувийн нууц задрах эрсдэл, гомдол, мэдээлэл хүлээн авагч эрх бүхий албан тушаалтнуудын харилцаа, хандлагаас болгоомжлох, эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны талаарх болон хүний эрхийн талаарх ойлголт дутмаг, хуулийн дагуу эрхээ хамгаалуулна гэдэг итгэл үнэмшил төрдөггүй зэргээс улбаатай байдаг. Манай улсад бэлгийн чиг баримжаагаар, жендэрээр, хөдөлмөрийн насаар, цалин хөлсөөр, гадаад төрхөөр, хөгжлийн бэрхшээл, өвчний улмаас ялгаварлан гадуурхах нь түгээмэл байдаг.
Түүнчлэн шашин шүтлэг, хэл ярианы аялга, эдийн засгийн нөхцөл болон нийгмийн анги давхаргаар, сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт түгээмэл байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн хэрэг бүртгэлийн тоо баримтад тулгуурласан төдийгүй төрийн аливаа шийдвэр, үйлчилгээтэй хамааралтай байгааг илтгэгч тодотгож байв.
“Монгол Улсад ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж бий хэдий ч бодит байдал дээр ялгаварлан гадуурхалт буурахгүй байна”
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх илтгэлээр хэлэлцүүлэг үргэлжилсэн.
“Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож” буйгаа тунхагласан байдаг. Үүнтэй уялдан хүн бүр эрх эдлэх адил боломжтой байх, хүн бүр нийгмийн харилцаанд оролцох гарааны адил тэгш боломжийг хангах зэрэг агуулга мөн давхар хамгаалагддаг. Гэвч Үндсэн хуулийн тулгуур нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчим, тэгш эрхийн зарчим хэмээгээд эдгээрийн аль нэг нь доголдол тохиолдолд эрх зүйт төрийн талаар, хүний эрх, эрх чөлөөг хангах талаар ярих боломжгүй болно” гэсэн юм.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдол, мэдээлэл, мөн тус Комиссоос хийсэн судалгаануудыг нэгтгэн дүгнэхэд хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт их байдаг болохыг хэлээд холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн. Цаашид энэ төрлийн гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх механизм бүрдүүлэхэд төвлөрч анхаарах шаардлагатай гэдэг саналыг гаргаж буйгаа танилцуулсан.
Хэдийгээр хууль тогтоомжид тодорхой хэмжээгээр тусган, зохицуулсан боловч 2017 оноос хойш хоёр удаа энэ төрлийн гомдлоор хэрэг нээсэн, гэхдээ нэг ч хэргийг шийдвэрлээгүй. Учир нь бодит хохирол шаарддаг, харин энэ төрлийн үйлдэл хэлбэрийн төдий бүрэлдэхүүнтэй биш учир гэмт хэргийн зүйлчлэлийн улмаас шийдэгдсэн тохиолдол байдаггүй аж.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд 2021 оны хуулиар ялгаварлан гадуурхахгүй гэж тусгаснаас хойш энэ төрлийн гомдол эрс нэмэгдсэн болохыг дурдаад эдийн болон эдийн бус харилцаа, иргэний харилцаа, төрөөс үйлчилгээ авахтай холбоотой ялгаварлан гадуурхалтын асуудал олонтаа хөндөгддөг гэлээ. Иймд ялгаварлан гадуурхалт мөн эсэхийг тогтоох, шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, нэгэнт тогтоогдсон тохиолдолд үргэлжлүүлэн шийдэх процессыг тодорхойлох санал танилцуулсан.
Монгол Улсад ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж бий хэдий ч хэмжиж чадахгүй болохоор бодит байдал дээр ялгаварлан гадуурхалт байсаар байгааг Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн юм. Энэ төрлийн гомдол байнга ирдэг бөгөөд гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх механизмыг бий болгох, зохицуулах хэрэгцээ шаардлага тулгамдсан болохыг санууллаа.
“Цахим орчинд бусдыг үзэл бодлоо илэрхийлсний төлөө доромжлох нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр”
Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Д.Оросоо “Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба ялгаварлан гадуурхалт” сэдвээр илтгэл танилцуулсан.
Тэрээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн анхдагч суурь бол үзэл бодлын эрх чөлөө байдаг. Энэ нь итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ өөрчлөх, чөлөөтэй бодож сэтгэх, ямар ч хориг цээргүй чөлөөтэй баримтлах, шашин шүтэх, эс шүтэх зэрэг суурь эрхүүдээс бүрддэг байна. Үзэл бодлоо үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх, хэвлэн нийтлэх, ажил хаях, өлсгөлөн зарлах, эвлэлдэн нэгдэх хэлбэрээр илэрхийлдэг хэмээн үзэж, хамгаалдаг байна. Үзэл бодлын эрх чөлөөг хамгаалах нь нийгмийн урсгал, хөдөлгөөн, хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Ялгаварлан гадуурхалт дунд ноцтойд тооцогддог. Энэ төрлийн ялгаварлан гадуурхалтын үр дүнд нийтийн оюун санааны эрх чөлөө хумигдаж, нийгмийн хөгжлийг сааруулдаг, асар их хохирол учруулдаг” гэсэн юм.
Тиймээс дотоодын хууль тогтоомждоо үзэл бодлын ялгаварлан гадуурхалтын асуудлыг нарийвчлан тусгаж, томьёолохтой холбоотойгоор Эрүүгийн хуульд тусгахаас гадна Зөрчлийн хуульд үзэл бодлын ялгаварлан гадуурхалтын хөнгөн, жижиг хэлбэрт ямар хариу арга хэмжээ, зохицуулалт шаардлагатайг судлах, нийгэмд олон янзын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх нийгмийн соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд ялгаварлан гадуурхалтыг үг хэллэгээр тодорхойлох асуудлыг анхаарч үзэх санал мөн хэлж байв. Цахим орчин, нийгмийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хамгаалах, бусдыг үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдэлсний төлөө буюу өөрийнхөөс нь өөр үзэл бодолтой байсны төлөө дайрах, доромжлох, гутаах асуудал гарч байгааг анхаарах шаардлагатайг илтгэгч Д.Оросоо тайлбарласан.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын ерөнхий прокурорын газар, төрийн захиргааны төв байгууллагууд, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад агентлаг, Монголын хуульчдын холбоо, Дотоод хэргийн их сургууль, ерөнхий боловсролын байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон юм. Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, илтгэгчид болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тодруулга, тайлбар авав.
“Эрүүгийн хуулинд шаталсан санкцуудыг оруулж ирснээр гэр бүлийн хүчирхийллийн ялгаварлан гадуурхалтын зөрчил илүү үр дүнтэй шийдэгдэнэ”
Монфемнер Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Хоёр санал байна. Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан зарим шинжүүдийн талаар ярьсан нь маш оновчтой санагдлаа. Үүнийг багц хууль орж ирнэ гээд байгаа. Энэ дээрээ оруулж ирэх үү. Нэгдүгээрт, зарим ялгаварлан гадуурхалтын хөнгөн үйлдлүүлийг Зөрчлийн хуулинд оруулж ирье гэсэн санал байна. Тэгэхээр энд нэг суурь асуудлыг хөндөхгүй бол Зөрчлийн хуулинд оруулаад ч хэрэггүй. Яагаад гэвэл Зөрчлийн хууль өөрөө зөвхөн баривчлах, торгох гэсэн хоёр санкцаар хязгаарлагдчихдаг. Тиймээс Эрүүгийн хуулинд “Зорчих эрхийг хязгаарлах” ялын үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах шаталсан санкцуудыг оруулж ирж байж гэр бүлийн хүчирхийллийн ялгаварлан гадуурхалтын зөрчил орж ирвэл илүү үр дүнтэй шийдэгдэнэ. Хоёрдугаарт, 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, өнгөрсөн жил батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулинд ялгаварлан гадуурхалтын асуудлыг хөндөж, Монгол Улсын эрх зүйн орчинд эхлэл тавигдсан сайн талтай. Гэхдээ нийгэм хурдацтай хөгжиж буй цаг үед бид энэ тодорхойлолтоо эргэж харах шаардлагатай” гэсэн юм.
Ялгаварлан гадуурхах хандлага нь хүний үндсэн эрх, эрх чөлөөнд халддаг. Монгол Улсын хувьд энэ утгаараа ялгаварлан гадуурхах хандлага нь хүний эрхэм чанар хувь хүний онцлогийг үгүйсгэдэг ба хүн бүрийн хуулийн тэгш хамгаалалтад байх эрхийг зөрчиж байна. Иймд НҮБ-ын хүний эрхийн дээд комиссын газар, цөөнхийн эрхийг хамгаалах ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц хууль тогтоомж боловсруулах акт гарын авлагыг боловсруулж НҮБ-ын гишүүн орнуудыг тус гарын авлагын дагуу ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц зохицуулалт бүхий хууль тогтоомжтой болохыг бол уриалж байгаа аж.
Бие даасан хуультай болсноор ялгаварлан гадуурхалтын ойлголт ялгаварлан гадуурхахгүй байх эрхийн ойлголт, хамрах хүрээ, хуулиар заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, хохирогчийг хамгаалах, хохирлыг барагдуулах зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх асуудалд гомдол гаргах болон гомдлыг шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтыг үнэлэх асуудал, хуулийн хэрэгжүүлэх эрх бүхий этгээдүүдийн чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлагын тухай зэрэг асуудлыг тодорхой ач холбогдолтой бөгөөд хэрэгжилт, ухамсар, суурийг илүү сайн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаагаа хэлэлцүүлгийг зохион байгуулагчид дүгнэн хэллээ.
Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун “Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль эрх зүйн орчин шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлээд энэ чиглэлээр нарийвчилсан судалгаануудыг өргөн хүрээнд хийж, бүх талын оролцоотой хэлэлцүүлгүүд, зөвлөгөөнийг зохион байгуулсны үр дүнд цогц шийдэл боловсруулах боломжтой хэмээн үзэж байна. Та бүхнийг үр дүнтэй хамтран ажиллахыг хүсье, Цаг заваа гарган ирж үнэтэй санал зөвлөгөөгөө харамгүй хэлсэн та бүхэнд баярлалаа” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 94 (7591)