Б.Нандин
Эгэл жирийн амьдралын хэв маягаараа олны талархлыг хүлээж, “дэлхийн хамгийн ядуу” ерөнхийлөгч хэмээн нэрлэгддэг байсан Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика 89 насандаа таалал төгсжээ. Пепе хэмээх нэрээрээ алдаршсан тэрээр 2010-2015 онд Уругвайн төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Түүний нас барсан шалтгааныг одоогоор зарлаагүй ч сүүлийн жилүүдэд улаан хоолойн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байжээ.
Хосе Мухика төрийн тэргүүн болсон ч жижиг машинаасаа салдаггүй, заримдаа дугуй жийдэг, тансаг орд харшид амьдрахаас татгалзсан гээд энгийн амьдрахыг бусдад уриалдаг нэгэн байсан. Хосе Мухикагийн засаглалын үед Уругвайн эдийн засаг жилд дунджаар 5.4 хувиар өсч, ядуурал буурч, ажилгүйдлийн түвшин багасч байсан. Мөн тэрээр ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх, марихуаныг зах зээлд чөлөөтэй болгох гэх мэт олон содон” зохицуулалтаараа дэлхий нийтийн анхаарлыг тататж байлаа.
Тэрээр ерөнхийлөгч болохоосоо өмнө, дөрвөн удаа баривчлагдаж, 14 жилийг шоронд өнгөрүүлсэн бөгөөд нэг удаагийн халдлагын үеэр зургаан удаа буудуулж байсан гээд олон бэрхшээлийг туулсан баялаг намтартай нэгэн байжээ.