Д.БОЛОР

Танил тал, бусдыг авлигадах хөрөнгө мөнгөгүй хүн газар өмчлөхийн тулд зургаан жил хөөцөлддөг гэнэ. Харин авхаалж самбаатай нь зургаан сараас нэг жилд багтаагаад газраа өмчилж дөнгөдөг юм байна. Энэ тухай мэдээллийг өчигдөр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр Газрын тухай багц хуулийн төслийг санаачлагч Ц.Оюунгэрэл гишүүн өглөө. 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийслэл хотын хүн амын 7.6 хувь буюу 91830 иргэн газраа өмчилсөн юм байна. Энэ нь иргэний газар өмчлөх эрхийг маш ноцтой зөрчсөн, эрхийг нь баталгаажуулаагүйн уршиг гэдгийг хууль санаачлагч онцоллоо. Хуралдаанаар өрнөсөн яриаг товчлон хүргэе.
Б.Бат-Эрдэнэ:
-Хуулийн төсөлд иргэдийг сугалаа буюу дарааллаар газар өмчлүүлэх тухай бичсэн байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү. Хэдийгээр газар өмчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах хуультай хэдий ч тэр бүр сайн үр дагавар авчраагүй. Тэгвэл энэ хуулийн төсөлд ажиллаж байгаа та нөхөд газар өмчлөхөд үүссэн сөрөг үр дагаврыг арилгахад хэрхэн анхаарч байна. Нөгөө талаас газар хувьчилж авсан иргэдийн газрыг гадаадын иргэдийн эзэмшилд шилжүүлсэн тохиолдол байна уу. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаадын иргэд тэр байрыг чинь худалдаад авчихсан. Яагаад гэвэл Монголын нийт иргэнд байр сууц авахаар хөрөнгө байхгүй байна. Энэ талаар холбогдох байгууллагууд нь судалгаа хийсэн үү. Өнөөдөр гэр хорооллын иргэдийн эрх үнсэнд хаягдсан гэхэд хилсдэхгүй. Тэд уулын жалганд гэрээ бариад амьдарч байна. Тэгэхэд хөрөнгө мөнгөтэй эрхмүүд хотын төвд газартай байх жишээтэй.
Ц.Оюунгэрэл:
-Дарааллыг тайлбарлая. Том газартай буюу орон нутагт газар өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэдийн дугаараас хамаарч газраа сонгоно. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд өргөдлөө эрт өгвөл тэр хэмжээгээр газраа сонгож болно. Харин нийслэлд сугалаагаар газар өмчилж таарах байх. Яагаад гэвэл хүн нь олон, газар нь бага. Тухайлбал, нийслэлийн нэгэн дүүрэгт 100 иргэн газар өмчлөхөөр хүсэлт гаргавал тэр иргэд дотроо дарааллаа яаж сонгох вэ гэдэг асуудал гарч байгаа. Үүний тулд сугалаа сугалж таарна. Хууль санаачлагчийн хувьд хүн бүхэнд газар олголтыг тэгш олгох асуудалд онцгой анхаарч байна. Энэ ч утгаараа төрийн цоо шинэ чиг үүргийг энэ хуулиар оруулж өглөө. Энэ нь газрын харилцааг зохицуулах Газрын корпораци гэж алба байгуулах юм. Газрын корпораци нь газрыг шударгаар хэмждэг, олгодог, гадаадын хүнд зарвал хурааж авдаг хуулийн хэрэгжилт хангадаг байгууллага байна гэв. Харин түүнийг ийн хариулсны дараа ажлын хэсгийн нэгэн эрхэм “Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад хариулахад гадаадын иргэнд албан ёсоор өмчлүүлсэн зүйл байхгүй. Харин иргэд эзэмшил газраа бүртгүүлэхгүйгээр хууль бусаар шашны байгууллагад ашиглуулж байгаа тохиолдол бий” хэмээн нэмж тайлбарлалаа.
Б.Бат-Эрдэнэ:
-Нийслэлийн А бүсийн газруудыг хөрөнгө мөнгөтэй баячууд худалдаад авчихсан. Хотын төвийн газраа хэдхэн хүний мэдэлд байгаа. Гол асуудал нь уулын хяр дамжаад гуу жалгад амьдарч байгаа иргэдийн газрыг үнэд хүрэх боломж байна уу гэж асуугаад байна. Үүнд эрх барьж байгаа улс төрийн хүчин, байнгын хороод, намын бүлгүүд онцгой анхаарах ёстой.
Я.Содбаатар:
-Иргэний өмчлөх газрын хэмжээнд дээд хязгаар гэж байх уу. Хөрөнгө мөнгөтэй, мэдээдэлд ойр байдаг хэсэг нь олон газар авч байгаа шүү дээ.
Ц.Оюунгэрэл:
-Хуулийн төсөлд иргэний нийт эзэмших газарт хязгаар гэж байхгүй. Гэхдээ хязгаар байсан нь зохимжтой юм шиг байна. Үүнийг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцээд дахин оруулж ирье.
С.Дэмбэрэл:
-Газар өмчлөхийн тулд нэг хүн дунджаар хэдэн бичиг баримт бүрдүүлж байна. Хэдэн цаг зарцуулж байна.
Ц.Оюунгэрэл:
-УИХ-ын сонгуулиар сонгогчтой уулзахад иргэд хэлж байсан. Хамгийн хурдан явахад нэг жил. Удаан явахад зургаан жил болдог юм байна. Яагаад зургаан жил болж байна гэхээр нэг газар сонгож аваад баримт бичгээ бүрдүүлж явсаар байтал өнөөх нь хүнийх болж таарна. Ахиад л нэг газар сонгоно. Ингэж явсаар байтал хугацаа их орж байгаа юм гэв.