Б.БАЯРЖАВХЛАН
Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ
Стресс тайлагч муурын кафе
Гэрийн тэжээвэр муур, нохой нь хүний хамгийн дотно нөхөр, гэр бүлийн гишүүнд тооцогддог. Гэхдээ амьтанд хайртай, сонирхолтой ч элдэв янзын шалтгаанаар гэртээ амьтан тэжээх боломжгүй хүмүүст зориулсан муурын кафе Монголд нээгдээд өдгөө гурван жил болж буй. Энэ кафе бол “Cotton cat Café” юм.
Биднийг кафены үүдэнд очиход л тус газрын эзэн “Та гутлаа тайлаарай. Үүний дараагаар гадуур хувцсаа тайлаад шүүгээнд хийгээрэй. Хамгийн сүүлд нь гараа угаагаад ороод ирээрэй” хэмээн эелдгээр бүх үйлдлүүдийг заан цааш явлаа. Муур, нохойн кафе гэхэд ямар ч эвгүй үнэр байхгүй ариун цэврийг дээд зэрэг сахидаг газар гэдэг нь илт байв. Харин кафены үүдээр ороход шаргал өнгөтэй муур биднийг угтсан юм. Түүнийг гудамжнаас олж, эмчилжээ. Харин цааш алхвал үсгүй, жижигхэн хөлтэй, үрчгэр арьстай, хоёр өөр өнгийн нүдтэй зэрэг олон төрлийн муурууд өөрийнхөөрөө тухлан байна. Тэд зочин орж ирэхэд хэзээний таньдаг хүн нь орж ирж байгаа мэт үйлчлүүлэгчдэд уриалганхан эрхэлцгээх аж. Энэ байдал нь тус кафег зорих хүүхэд залуусын тоог нэмсээр байгаа юм.
“Cotton cat cafe”-гийн үүсгэн байгуулагчид 16 жил нөхөрлөсөн амьтанд хайртай найзууд аж. Тэд дэлхийн олон хотын амьтантай кофе шопоор зочилж үзэхдээ муур хүний стрессийг хамгийн сайн тайлдгийг ойлгоод энэхүү кафегаа нээхээр шийджээ.
Энэ талаар үүсгэн байгуулагч Д.Буманцэцэг “Анх муурын кафе нээх болсон шалтгаан нь миний харшлаас болсон. Багаасаа амьтанд маш их хайртай байсан ч бүх төрлийн амьтдаас харшилдаг байсан. Амьтантай 24 цаг хамт байх юм бол хоолой маань боогдох эрсдэлтэй. Тиймээс гэртээ амьтан тэжээх боломжгүй. Харин монголд маань гараад амьтан эрхлүүлэх газар байхгүй байсан болохоор өөр шигээ харшилтай хэр нь амьтанд хайртай хүмүүст зориулж амьтны кафе нээе гэж мөрөөддөг байсан. Тиймээс маш их судалж өөрөө бас давхар сурч мэдээд гадны улсад байдаг амьтантай кафед очиж үзсэн. Тэгээд муурнуудаа хамгийн бага сартай нь нэг сартай хамгийн том нь дөрвөн сартай байхад нь Орос, Польш, Герман, Турк гээд зургаан орноос худалдаж авсан” гэсэн юм.
Мууруудын хамгийн үнэтэй нь 24 сая төгрөг, хамгийн хямд нь хоёр сая төгрөгийн үнэтэй аж

Нэр: Ups
Д.Буманцэцэг 2022 оны арав хоёрдугаар сарын 10-ны өдөр 30 ховор үүлдрийн мууртай үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Энэ тухайгаа “Мууруудын минь хамгийн үнэтэй нь 24 сая төгрөгийн үнэтэй. Харин хамгийн хямдыг нь хоёр сая төгрөгөөр худалдаж авч байсан. Манай кафед ховор үүлдрийн мууруудыг ойроос харж, илж, хүрэлцэж, халуун кофе ууж нэг өдрийг өнгөрөөх боломжтой.
Муурын кафе гэдэг нь амьтны хүрээлэн болон кофе шоп биш. Харин гэр бүлийнхэнтэйгээ хамт халуун кофе уугаад тав тухтай орчин мэдрээд тайвширдаг газар гэж Б.Буманцэцэг хэлсэн юм. Энэ тухайгаа “Амьтадтай ойр байхаар хүний стресс өндөр хэмжээнд тайлагддаг. Дэлхийн том том хотуудад янз бүрийн амьтадтай кафе нээгдэж байгаа. Монголчуудын хувьд муурны талаар ойлголтгүй, гудамжинд байдаг муураар төсөөлдөг. Тиймээс муурын соёл гэдэг зүйлийг түгээхээр шийдсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд муурын кафегаар үйлчлүүлэх соёлыг түгээж чадсан гэж боддог” гэсэн юм.
Муур үрчлүүлэх үйлчилгээ үзүүлж байна

Нэр: Mosko
Тэдний орчин маш цэвэрхэн байдаг нь Д.Буманцэцэгийн уйгагүй хөдөлмөрч зантай холбоотой. Тухайлбал, түүний ажил өглөө 07:00 цагт эхэлж шөнийн 23:00 цагт дуусдаг байна. Амьтны болон модны харшилтай тэрээр өдөр гурван удаа эм ууж байж амьтдаа арчилдаг гэнэ. Энэ талаараа “Би өдөрт харшлын эм гурван удаа уудаг. 24 цаг хамт байхгүй болохоор харшлын эм уугаад байхад гайгүй байдаг. Гэрийнхэн маань намайг ашиг олдоггүй ажил хийх юм. Өөрийнхөө гараар өөрийгөө алах зүйл хийлээ гэдэг. Харин би амьтанд хайртай, амьтангүйгээр амьдарч чадахгүй нэгэнт эхэлсэн учраас тууштай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна даа” гэсэн юм.
Тэрээр зөвхөн худалдаж авсан мууруудаа арчилж, халамжлаад байсангүй. 2024 оны арван нэгдүгээр сараас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гудамжинд буй мууруудыг аврах аян зарлажээ. Энэ хүрээнд 82 муурыг гудамжнаас олж авсан байна. Энэ тухайгаа“2024 оны арван нэгдүгээр сард гудамжинд байгаа мууруудыг аврах зорилгоор 50 зулзага аврах аян зарлаж байсан. Бид долоон ээж муур, 50 зулзаган муурыг аварсан. Аян дууссанаас хойш ч гэсэн хүмүүс муур аврах ажлыг маань дэмжиж муурууд авчирч өгсөн. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл нийт 85 муур аварсан. Гудамжинд байгаа мууруудын хувьд маш их өвчлөлтэй байдаг. Тиймээс гудамжнаас олсон мууруудаа эмчилж, спрэй хийж, ааш араншныг нь зассаныхаа дараа хүмүүст үрчлүүлээд явж байна. Нийт 50 зулзага авснаас одоо 35 зулзага үлдсэн байна. Харин ээж долоон муур маань бол байгаа. Монголчуудын хувьд том муур үрчилж авдаггүй юм байна. Тиймээс муур үрчилж авах сонирхолтой хүмүүс байгаа бол манайхаас авч болно шүү” гэсэн юм.
Муур үрчилж авахаар төлөвлөсөн бол cotton Cat cafe-г зориорой
Муур бүр үүлдрээсээ шалтгаалан өөр өөр араншинтай байдаг аж. Гэтэл иргэд муур худалдаж авахдаа үүлдэр угсааг нь судалж авдаггүй байна. Үүнээс үүдэж муурын талаарх иргэдийн бодол сөрөг болдог тул муур авах бол cotton cat cafe-д ирж зан араншинг нь таньж аваарай гэв. Энэ тухай “Эзэндээ эрхэлдэггүй муур гэж байдаг. Харин түүнийг монголчууд бумбагар хөөрхөн учраас ноолох гэж авдаг. Харин грек муурын хувьд маш эрх байдаг байна. Тийм муур авчхаад онцлогийг нь ойлгохгүй эрхлүүлэхгүй байх жишээ бий. Тиймээс хүмүүс авч буй муураа судлах, өөрийгөө энэ амьтныг авч чадвал онцлогт нь тааруулж харьцаж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Одоогоор манайд Sphynx, Maine coon, Siamese, Abyssinian, Ragdoll, British silver chinchilla longhair зэргийн бусад олон үүлдрийн муурууд байгаа. Үнэтэй муур шууд худалдан авах боломжгүй байвал манайд ирээд хараад илээд зан чанарыг сайн ажиглах боломжтой шүү. Сэтгэл хөдлөлөөр амьтан худалдан авахгүй өөрт тохирсон амьтнаа авахад манайх үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг” гэсэн юм.
Cotton cat cafe-ийн цагийн төлбөр 20.000 төгрөг байдаг байна. Коттон гэж нэр өгсөн тухайгаа “Монголоос 30 хоногтойд нь авсан муураа хөвөн мэт зөөлхөн үс, ясгүй ч юм шиг хөвсийсөн биеийг нь өхөөрдөөд Коттон гэж нэрлэсэн. Коттон маань үсрэхдээ л хөл, гар, аарцгаа хугалчихдаг эмзэг биетэй учир маш их халамж шаардаж байсан. Тэр хэцүү мөчүүд надад асар гүн хайрыг мэдрүүлсэн учраас кафегаа Коттоныхоо нэрээр нэрлэсэн түүхтэй. Манай муурууд өөрсдийгөө ондоо үүлдэр гэдгээ мэддэггүй. Мэйн кун үүлдрийн Апс өөрийгөө Бритиш үүлдрийн Лакитай яг л нэг цустай, төрөл садан гэж бодон аашлах нь хөгжилтэй. Бас Апс хийсэн үйлдэл бүрийг минь нүдлээд авчихна. Тэгээд л цоргоноос ус гоожуулж, угаалгын машин асааж, бүр цаашилбал кофены машин ажиллуулж дүрсгүйтнэ гээч. Заримдаа хойноос гүйж ирээд цоройн үсэрч хаалга онгойлгох нь хөөрхөн байдаг” гэсэн юм.

Нэр: Berry

Нэр: Naruto
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 90 (7587)