ТҮЦ эрхлэгчид Хууль зүйн сайд О.Алтангэрэлийг огцрохыг шаардлаа
Б.АРИГУН
Монголын худалдаачдын холбооноос Хууль зүйн сайд болон Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.
ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Одмаа “Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон ТҮЦ эрхлэгчид маань хууль зүйн яамны гадаа хугацаагүй суулт зарлаж эхэлсэн. Учир нь ТҮЦ эрхлэгчдийн өмч хөрөнгийг цагдаа нар хууль бусаар хурааж, эх орондоо шударгаар хөдөлмөрлөх эрхэд нь халдаж байгааг эсэргүүцэж байна. Тэгвэл энэ цагдаа нарынхаа өмнөөс хариуцлага хүлээж Хууль зүйн сайд О.Алтангэрэлийг огцрохыг шаардаж бид суулт зарлаж байна. О.Алтангэрэл сайдыг яагаад огцор гэж байна гэхээр хүний эрхийг хамгаална гэж хэлчхээд төрд гарсан хойноо цагдаа нар нь хүйл бус үйл ажиллагаа явуулж байхад таслан зогсоохгүй байна” гэсэн юм.
Харин ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны дарга Б.Отгонбаяр “Нийслэлийн засаг даргын ТҮЦ нүүлгэх шийдвэр анхнаасаа хууль бус байсан байна. Захиргааны хэргийн тухай хууль дээр гуравласан уулзалт хийж, тохиролцолд хүрсний дараа албадан чөлөөлөлт явуулах ёстой байсан. А237 дугаар тогтоолыг бид Хүний эрхийн комисст өгч шалгуулсан. Хүний эрх зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Гэтэл хэн ч үүнийг авч хэлэлцэхгүй байна. Аливаа нэг хүний өмчийг хаалгыг нь эвдэж орох гэж байгаа бол прокурорын зөвшөөрөлтэй байх ёстой байдаг. Гэтэл ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхдээ энэ мэт хүний эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс эдгээр цагдаа нарынхаа өмнөөс хариуцлага хүлээж Хууль зүйн сайдыг огцрохыг шаардаж байна” гэсэн юм.