П.Лхагважаргал 

Английн жүжигчин, загвар өмсөгч, хөгжмийн зохиолч, продюсер  Роберт Паттинсон 1986 оны тавдугаар сарын 13-нд Лондон хотод төржээ.  Түүний аав Ричард нь Америкаас машин оруулж ирдэг байсан бол ээж Клэри загварын агентлагт ажилладаг байв. Паттинсон 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн боловч дөрвөн жилийн дараагаас ажил олдох нь багасжээ. Тэрээр өөрийнх нь моделийн ажил багасаж эхэлсэн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би өндөр болсноосоо хойш охин шиг харагдах болсон. Тиймээс хүмүүс намайг ижил хүйстэн гэж хардаг байсан" гэж хэлжээ. Харин түүний амжилтын гараа Стефани Майерын  "Харуй Бүрий" романаас сэдэвлэсэн ижил нэрт кинонд Эдвард Каллены дүрд тоглосноор дэлхий дахинд алдартай болсон юм. Улмаар Холливүүдийн хамгийн өндөр цалинтай жүжигчин болж, байр сууриа бэхжүүлж чаджээ. 2010 онд Паттинсон "Magazine" сэтгүүлээс тодруулдаг "Дэлхийн хамгийн нэр алдартай 100 хүн"-ий нэрд багтсан билээ. Мөн "Forbes" сэтгүүлээс эрхлэн гаргадаг "Хамгийн чинээлэг 100 алдартан"-ы жагсаалтад багтсан байна. 2012 онд "Харуй Бүрий"  цуврал дууссанаас хойш тэрээр бие даасан богино хэмжээний кино хийх болжээ.