С.УРТНАСАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа “Gertech” стартап компанийн CEO М.Ганмөрөнг урьж ярилцлаа.
Ажлын урсгалыг нийтэд нь дижиталчлахаар ажилладаг
Gertech нь 2021 оны тавдугаар сарын 14-д байгуулагдсан. Систем хөгжүүлэлт ба зөвлөгөө, эмийн сангуудад зориулсан B2B шийдлүүдийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, 20 хүний бүрэлдэхүүнтэй стартап компани.
Манай компанийг Япон улсын эмийн аптекийн тэр дундаа эрүүл мэндийн салбарт AI дээр суурилсан дижитал шинэчлэлтийг хийдэг гэж ойлгож болно. Энэ салбар нь нэлээд том гэдгийг 60 мянган эмийн сан, 84 мянган “drug store” байдгаас харж болох юм.
Энд олон улсын янз бүрийн мэргэжлээр ажилладаг залуус байгаа боловч монгол залуучуудтайгаа нэлээд нэгдсэн. Японы эрүүл мэндийн салбар 40,50 жилийн туршид хуулийн зохицуулалтаар хамгаалагдаад ирсэн учраас дижитал шинэчлэлийг тийшээ оруулах нь өөрөө маш том бэрхшээл болж байгаа юм. Удаан үргэлжилсэн энэ систем нь эрүүл мэндийн салбартаа нэлээд тушаа болж байгаа гэж хэлж болох юм. Олон жилийн туршид гар аргаар дээрх ажлуудыг хийгээд ирсэн болохоор дижитал шилжилт нэлээд хоцрогдолтой. Жишээ нь, технологийн хувьд хүний цээжний рентген зургийг AI-д сургачихвал уушгины хавдрыг ч юм уу маш амархан олох боломжтой болсон. Гэтэл японд тухайн өвчтөний хувийн мэдээллийг гаргах боломжгүй гэсэн үндэслэлээр энэхүү технологийн нэвтрүүлэхэд нэлээд яривагтай байдаг. Мөн дижитал эмийн жор олгох нь Японд дөнгөж орж ирж байгаа. Эрүүл мэндийн салбарт гар аргаар цаасан жор олгоод хэвшчихсэн учраас дижитал шинэчлэлийг тухайн салбартаа шууд оруулж чаддаггүй. Эрүүл мэндийн салбарын зах зээл нь том учраас их хугацааг зарцуулж байж шинэ системийг нэвтрүүлэх шаардлагатай.
Шинэ технологи ашиглаж, салбарт нэвтрэх замаар өсөлт бий болгох боломжтой
-Компаниуд дижитал шилжилтийн хэрэгцээтэй ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол их. Үндсэн алхмууд юу вэ гэхээр Японд дижитал шилжилт яаралтай хэрэгтэй гэж үздэг. Гол шалтгаанууд нь 2025 оны асуудал, дижитал тасалдалд хариу өгөх болон хэрэглэгчийн зан үйлийн өөрчлөлт юм. 2025 оны асуудал гэдэг нь Японы компаниуд олон жилийн турш өөрсдийн системийг тусгайлан бүтээж ирсэн ч 2025 онд 60 хувь нь хуучинсаг системтэй хэвээр байх төлөвтэй. Манай компани дижитал шилжилтийг таван үе шаттайгаар тодорхойлдог: Хуучин компаниудад хамгаалах чиглэлийн өөрчлөлт эхлэхэд амархан ч, давшилт хийх нь амаргүй. Харин стартап компаниудад шинэ технологи ашиглаж, салбарт нэвтрэх замаар өсөлт бий болгох боломжтой.
Ажлаа хийх уламжлалт аргаа халж ахиц дэвшилтэй ойртох нь зүйтэй
-Японы эрүүл мэндийн салбар олон жилийн туршид төрийн зохицуулалтаар явж ирсэн учраас дүрэм журам нормын дагуу ямар ч ажил хөнгөвчлөх арга барилгүйгээр удаан явсаар инновац нь ахицтай байгаагүй. Хөгжингүй орнууд дундаа дижитал шилжилтийн салбартаа Япон улс хоцрогдоод байгаа талыг бид олж харсан. Жижиглэнгийн худалдаа ч юм уу хэрэглэгчдэд ойр байдаг салбарууд дижитал шилжилт рүү чиглэж байгаа боловч эрүүл мэндийн салбар нэлээд хоцролттой гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй. Дижитал шинэчлэл, хувьслыг эрүүл мэндийн салбарт оруулах талаар яриа дөнгөж гарч эхэлж байхад цар тахал гарсан. Өдий хүртэл хэрэгжүүлж ирсэн хуулийн зохицуулалтад нь ингээд асуудал үүссэн. Эмийг заавал эмийн сангаас, жороор авах ёстой байсан бол цар тахал гарснаар энэ бүхэн өөрчлөгдсөн. Улс орон даяараа эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг оруулах талаар ярьж эхэлсэн.
Цар тахлын үеэр л эрүүл мэндийнхээ салбарын хоцрогдлыг хүмүүс анзаарч эхэлснээр дижитал шилжилтийг хийх ёстойг ойлгож сэтгэл шулуудсан. Бидний хувьд томоохон эмийн сангуудтай хамтарч фармакиоскыг хэрэгжүүлж байна. Мөн эмийн санчдыг зуучилдаг компаниудтай хамтарч эрүүл мэндийн салбар руу нь хүрэх тал руу нь түлхүү чиглэж ажиллаж байгаа. Өөрчлөгдөн дэвшиж байгаа энэ давлагаан дээр нь манай монгол залуус зогсож цаашаа явна гэсэн маш том төлөвлөгөө зорилготой. Япон улсын үйлчлүүлэгч компаниуд менежментийн түвшинд дижитал шилжилтийг хийх ёстойг маш сайн ойлгодог. Бид зардлаа хэмнэх ёстой, үйлчлүүлэгчдэдээ хүрч ажиллах ёстой гэдэг ч юм уу. Харин тухайн газар дээр нь ажилладаг эмийн санчийн хувьд ч юм уу тэр хүний ажлыг булааж авч байгаа мэтээр хүлээж авдаг. Үүнийг гар аргаар биш дижиталаар хийснээр цаг хугацааг хэмнэж, тухайн ажилчдад үйлчлүүлэгчтэйгээ илүү тулж ажиллах боломж олгож байгаа талаар бид тайлбарладаг. Тухайн өвчтөнийхөө ч юм уу сэтгэл ханамжийг өндөрсгөх тал дээр цагаа илүү зарцуул гэж зөвлөдөг. Эхэндээ олон жил тухайн төвөгтэй арга барилаараа ажиллаад ирсэн хүмүүст ойлгохгүй тал нэлээд байдаг ч бид хөгжилтэйгөө хөл нийлүүлж эхэлж байна.
Ажил хөнгөвчлөхөөр гурван төрлийн бүтээгдэхүүнийг ашиглаж эхэлсэн
-Монголчууд 130 сая хүн амтай зах зээлд хүч үзнэ гэдэг нь нэлээд амаргүй шалгуур.Тэр дундаа бид японы эрүүл мэндийн салбарт, зах зээлд дижитал хувьсгалыг авчрах зорилгоор ажиллаж байгаа шүү дээ. Манай компани гурван төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Японд өвчтөнүүд удаа хугацаанд хүлээх нөхцөл үүсдэг. Эмийн санч нь тухайн хүний эмийн жорыг авснаас хойш эмийг найруулах хүртэл олон процесс явагддаг. Эмийн жорыг хүлээж аваад компьютерт шивэх, эмээ найруулсныхаа дараа зөв буруу эсэхийг шалгах, заавал хуулийн дагуу биеийн байдал, эмийн хэрэглээ зэргийг үйлчлүүлэгчид тайлбарлах, төлбөр тооцоо, өвчтөний түүхийг бичих зэрэг маш их цаас орсон гараар хийдэг ажлуудыг хөнгөвчлөх зорилгоор дараах гурван бүтээгдэхүүнийг хэрэгжүүлж байна.
Окусури AI- гар утасны апликейшнаар тухайн эмийг таних, Якуреки AI- яриаг нь сонсоод тухайн өвчтөний өвчний түүхийг бичих Фармакиоск- эмийн салбарт өөрөө өөрийнхөө төлбөрийг хийх бүтээгдэхүүн арай орж амжаагүй байгаа. Японд анх удаа эмийн жороо скайнерт хийхэд автоматаар компьютер руу текст болгож оруулаад эмнэлгийн анкетийг бөглүүлнэ. Үзүүлэх өрөөний дугаар хэлж өгөх зэрэг хүний гараар хийгддэг байсан ажлыг анх удаа хийж байгаа томоохон компаниудтай хамтран ажиллаж байгаа.
Байгаа боломжоо ашиглах эсвэл шинээр бүтээх нь дэвшилд ойртуулна
-Гадаадад байгаа ч юм уу манай компанид ажиллаж байгаа монгол хүмүүсийн бодож явдаг нэг зүйл нь сурч мэдсэн зүйлээ монгол орондоо хэрхэн хэрэгжүүлэх үү, яаж монголынхоо төлөө нэг зүйл хийх вэ гэсэн бодол байдаг юм болов уу гэж боддог. Зөвхөн өөрийн улс даа очоод юм хийхийг эх орныхоо төлөө юм хийж байна гэж ойлгодоггүй, 130 сая хүн амтай дэлхийн шилдэг зах зээлд цахиур хагалахаар стартап хийж байгаа нь өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн том зүйл гэж шүү дээ. Бид эндхийн хүмүүстэй очоод уулзахад танайх Монгол компани юм уу, та бүгдэд япон компаниас ялгагдах зүйл алга гэж хэлдэг. Олон салбар байхад төрийн оролцоотой эрүүл мэндийн салбарыг сонгож орсон нь сонирхолтой байгаа талаар ч мөн ярьдаг. Монголынхоо нэрийг гаргаад манай залуучууд юу чаддаг гэдгээ харуулаад зах зээлийн боломжийг эрж хайж эсвэл өөрсдөө боломжоо бүтээгээд явж чадна гэдгээ харуулаад амжилт гаргах нь чухал санагддаг. Дижиталын шинэ эрин үе эхэлж байна. Бүх л хүмүүс AI-ийн талаар ярьж байгаа. Ингээд ярьж байхад нь монгол залуус тэрхүү давлагаанд нэгдэж чадаж байгаа нь их утга учиртай зүйл юм болов уу гэж бид боддог.
Технологийн энэ эрин үед хурдтай байх нь хөгжиж буйн нэг хэлбэр
-Монголчууд аливаад дасан зохицох чадвар сайтай. Технологи хөгжиж байгаа энэ эрин үед аливааг 30-аад жилийн өмнө хийдэг байсан арга барилаараа л хийгээд байхгүй зохицоод шинэ юмыг хүлээж авах чадвартай хүмүүс тохиромжтой санагддаг. Өдөр бүр шинээр сурах зүйлс гардаг тэр бүхэнд суралцаад явж байгаа залуусаараа бахархдаг. Монголчууд хурд сайтай нь ямар ч зах зээлд өрсөлдөхөд давуу тал болж өгдөг. IT-ийн хувьд ярихад хурдтай байснаар юмаа хийнгээ сайжирдаг. Мөн залуучууд аливаа хэлийг төгс эзэмшиж чаддаг. Би Монгол хүн гэж хэлэхгүй л бол монгол гэдгийг мэддэггүй. Хэлийг нь ойлгож байж соёлыг нь ойлгоно. Тухайн орны соёлыг ойлгосноор бизнес цаашаа хөгжинө. Мөн дандаа давуу талтай байхгүй шүү дээ гадаадын хүмүүсийн хувьд төлөвлөгөө сайн гаргадаг, манай орны хувьд нүүдлийн иргэншилтэйгээ холбоотой ч юм уу тухайн үедээ л шийдвэрлээд явчихдаг. Дүрэм журам баримтлах, цаг барих тал дээр монгол залуус маань сул талтай байж мэдэх ч хурданы хувьд илүү байж чаддаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 88 (7585)