П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугарыг урилаа.
БЛИЦ:
Боловсрол:
-2009 онд: “Шинэ Монгол” ахлах сургууль
-2017 онд: Сайтама Их сургууль - Бизнес удирдлагын бакалавр
-2020 онд: Сайтама Их сургууль - Бизнес удирдлагын магистр
Ажлын туршлага:
-2018-2020 онд: ВСТК Монгол компани гүйцэтгэх захирал
-2020-2022 онд: "Бүтээлч Паблишинг" менежер
-2021 оноос: Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг гүйцэтгэх захирал
-2022 оноос: “Сарлагийн Бух” ХХК гүйцэтгэх захирал
Төсөл хөтөлбөр:
- 2023-2024 онд: ЖАЙКА-с зохион байгуулсан” MICS-2023” хөтөлбөрийн менежер
- 2023-2024 онд ЖАЙКА-н “Монгол - Япон улсуудын хооронд бизнес эрхлэх нөхцөл байдал, асуудал тодорхойлох” судалгааны багийн ерөнхий зохицуулагч
- 2024-2025 онд ЖАЙКА-н “Бизнес аялал, үзэсгэлэн яармагт оролцох, матчинг үйл ажиллагаагаар дамжуулан Монгол - Япон улсуудын хооронд бизнес эрхлэхийг дэмжих, нөхцөл байдал, асуудал тодорхойлох” судалгааны багийн ерөнхий зохицуулагч
- 2024-2025 онд ЖАЙКА-с зохион байгуулсан “MICS-2024” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч
Манай улсын бүтээгдэхүүний чанар Япон зах зээлийн шаардлагыг хангадаггүй
- Монгол, Япон хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Харин эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулж байв. Түүнээс хойших хоёр улсын дата мэдээллийг харахад энэ хугацаанд Монголын экспорт нэмэгдээгүй. Эсрэгээрээ Японы экспорт автомашин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байна.
Тэгвэл Японд нийлүүлэх Монголын бараа бүтээгдэхүүн яагаад нэмэгдэхгүй байна вэ гэхээр манай улсын үйлдвэржилтийн хөгжил дутмаг учраас Япон зах зээлийн шаардлагыг хангахаар бүтээгдэхүүн хийж чаддаггүй. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг сайн мэдэхгүй буюу мэдээлэл дутмаг гэсэн алдаа гаргадаг. Нөгөөтэйгүүр энэ талын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд байгаа мэт боловч бодит байдал дээр ажил хэрэг болгож чаддаггүй. Жишээлбэл, Япон дэлхийн 20 гаруй бүс нутаг, улстай эдийн засаг, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байдаг. Түүнээс гадна эдгээр хэлэлцээрийг ашиглахыг зорьж буй япон компаниуддаа дэмжлэг үзүүлдэг, мэдээллээр хангадаг мэргэжлийн байгууллагууд байдаг. Харин манай улсад ийм байгууллага дутмаг болохоор боломжоо ашиглаж чадахгүй байна.
Манай Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн 30 жилийн өмнө байгуулагдаж, төгсөгчдийг хооронд нь холбох, Монгол дахь япончуудтай танилцах, харилцаа холбоо тогтоох, Японд сурах гэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөх гэхчлэн олон ажил хийж ирсэн. Боловсрол, соёлын хувьд хоёрын улсын харилцаа холбоо боломжийн байна. Харин эдийн засгийн салбар хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж их байгаа тул энэ чиглэлийг хөгжүүлье гэдэг үүднээс олон улсын байгууллагуудтай сүүлийн хэдэн жил хамтран ажиллаж байна.
Монгол, Японы бизнесийн соёлын ялгааг зохицуулж, хооронд нь холбохоор олон улсын байгууллагатай хамтран төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна
-“Жугамо” нийгэмлэгээс хоёр улсын бизнесийн харилцаа холбооны асуудал тодорхойлох судалгааг хийсэн. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол-Япон төв, Нийслэлийн бизнес инновацын газартай хамтраад Монгол, Япон компаниудын хооронд нь холбох төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, бизнес форум, start-up, нийгмийн инновацыг дэмжсэн хөтөлбөрийг өнгөрсөн хоёр жил “ЖАЙКА”-ын санхүүжилтээр хамтран зохион байгууллаа. Ингэхдээ Монголын шинэлэг нийгмийн инновац, бүтээгдэхүүн гаргаж байгаа компани, ТББ, судалгааны байгууллагыг Японд аваачиж туршлага судлуулах, харилцаа холбоо тогтоох хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бидний хувьд хоёр улсын бизнесийн соёл, хэлийг мэдэж байгаа тул зөв хүмүүсийг хооронд нь холбож, нэг дээр нэгийг нэмээд хоёр биш, гурав, дөрөв, тав гэсэн үр дүнг гаргахыг зориод байгаа юм.
Асуудал тодорхойлох судалгааны үр дүнд дээр дурдсанаас гадна хүний нөөцийн ур чадвар дутмаг гэх байдал ажиглагдсан. Тодруулбал, олон улсын компанитай урт хугацаанд харилцаж, цаг хугацаандаа бүрэн гүйцэт ажиллахад хэлний чадвар зэрэг жижиг асуудлууд гардаг. Гэхдээ Монгол талын чадвараас гадна хоёр улсын соёлын ялгаа их. Тухайлбал, монголчууд танилцсаныхаа маргааш нөгөөдрөөс санамж бичиг байгуулах гэдэг. Харин япончууд гэрээ байгуултлаа бодож, төлөвлөж удаж байгаад эргээд холбогдох гэтэл монголчууд нь алга болчихдог. Гэхдээ япончууд гэрээ байгуулснаас хойш төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хурдан ажилладаг бол манайхан аажуурчихдаг хандлагатай.
Бид сүүлийн хоёр жил Японы “FoodEx” үзэсгэлэн худалдаанд оролцсон юм. Энэ нь Азийн хамгийн том хүнсний бүтээгдэхүүн, шингэн хүнсний үзэсгэлэн бөгөөд компаниудын төлөөлөгчид уулзаж, хоорондын харилцаа холбооны тохироог хийдэг. Өнгөрсөн жилийн тухайд Токио хотод дөрвөн өдрийн турш 77 мянга гаруй хүн хамрагдсан. 2024 онд манай улсаас тав, энэ онд долоон компани оролцлоо. Бидний ажигласнаар Монгол гэх онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн байхгүй бол тэр том хүнсний бүтээгдэхүүний зах зээлд монгол бараа учиргүй сайн борлуулагдана гэдэг боломж тун бага. Тухайлбал, манай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт нь тогтворгүй. Энэ нь хүнээс биш байгалийн эрс тэс уур амьсгалаас шалтгаалж байгаа юм. Ийм төрлийн бизнесийг Японы зах зээлд их мөнгө хаяад ихээр нийлүүлнэ гэдэг эрсдэлтэй. Үүнээс илүүтэй “Niche market” буюу шинэ, сонирхолтой бүтээгдэхүүнийг олон нийтэд бус онцгой зүйл сонирхдог хүмүүст зориулж бүтээвэл илүү оновчтой санагддаг. Энэ жишгээр манай улсын “Хушхан” компанийн самар, тос ба бусад компаниудын чацарганын шүүс олон төрлөөр гарч байна. Ингэхдээ чацарганын шүүсээ Япон компаниудтай хамтран үйлдвэрлэж байгаа. Мөн манго ба чацарганын амттай цэлцэгнүүрийг Японы томоохон компанид нийлүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг доороос буюу бэлтгэн нийлүүлэгчээс эхэлж, дараа дараагийн шат руу дэвшиж байна. Монгол бүтээгдэхүүн гээд шууд дэлхий даяар шуугьж, борлуулагдахгүй болохоор системтэйгээр урт хугацаанд хөгжиж, дэвших боломжийг бүтээхээр зорьж байгаа.
Монголчууд өөрсдөө хийж чаддаг болох систем тогтоож өгье гэх зорилготой ажиглагддаг
-Миний оролцож ирсэн төслүүдэд “ЖАЙКА” хамгийн ихээр хөрөнгө мөнгө, хүн хүч, холбоог хийж өгсөн. Жишээ нь “FOODEX”-д ороход “ЖАЙКА” ба Монгол Улсын ЖДҮ-н газраас санхүүжилт гаргаад, бусад байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулаад ажилладаг. Ер нь ардчиллаас хойш Монгол Улсад хамгийн их буцалтгүй тусламж, зээлийг Япончууд өгсөн байдаг. Харин түүний ихэнх хэрэгжилтийг хангаж ажилладаг олон улсын байгууллага нь “ЖАЙКА” юм. Энэ 35 жилийн хугацаанд гэхэд ойролцоогоор дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа, иений хөнгөлөлттэй зээл зэрэг хэлбэрээр хийсэн. Сүүлийн үед хүний нөөцийн талд илүүтэй ажиллаж байна. Ингэхдээ монголчууд өөрсдөө хийж чаддаг болох систем тогтоож өгье гэх зорилготой ажиглагддаг.
Жил бүр Японы засгийн газрын тэтгэлгээр 30, 40-өөд хүүхэд шалгарч Япон улсад боловсрол эзэмшихээр явж байна. Мөн хувийн зардлаар бүр ч олон хүүхэд явж байгаа. Тэдний 50 шахам хувь нь Япондоо үлдэж ажилладаг. Энэ Японы улсын эдийн засагт их хүч болдог. Мөн Монгол, Япон компаниуд хамтран ажилласнаар Монголоос Япон руу өсөж дэвших боломжтой ажлын байр луу хүний нөөц сэлбэдэг. Япон улсын хүн ам хөгширч, ажиллах хүч багасаж байгаа тул энэ нь тэдэнд их давуу тал юм. Би хоёр улсын хооронд ашиг гэхээс илүүтэй олон жил үргэлжилсэн хүн хоорондын харилцаа сайн үүссэн гэж боддог.
“ЖАЙКА”-ын Японы жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмждэг хөтөлбөр байдаг. Энэ нь Японы онцгой технологи эзэмшиж байгаа бизнес эрхлэгчдийг гадаад улсад гарахад мөнгөн дэмжлэг үзүүлдэг юм. Үүний хүрээнд сүүлийн таван жилд 10 гаруй прожект Монголд хэрэгжлээ. Монголд олон улсын шинэ бизнес, шинэ систем орж ирснээрээ ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн ахуй амьдралд ч давуу тал үүсэж байна. Ингэхээр бид ганцхан аваад байдаг биш харилцан ашигтайгаар хамтардаг улс болох хэрэгтэй.
“Ерөнхий мэдлэг дээрээ нэмээд нэг зүйлийг нарийн эзэмшээрэй”
-Бид япончуудаас ажиллах арга барилын хувьд суралцах зүйл ихтэй. Япон хүүхдүүд бага сургууль, цэцэрлэгээсээ эхлээд нэг төрлийн дугуйлан, спортоор ахлах сургуулиа төгстөл хичээллэдэг. Эндээс аливаа зүйлд тууштай байх хандлагыг суулгадаг. Манай нийгэмлэгийн “сэнпай” ингэж хэлж байсан юм. “Япон хүн нэг зүйлийг хоёр метр ухдаг. Харин бусад нь тэг. Монголчууд бол олон талын ерөнхий мэдлэгтэй хэр нь тэр дундаасаа гүнзгий мэдэх нь үгүй. Тиймээс ерөнхий мэдлэг дээрээ нэмээд нэг зүйлийг нарийн эзэмшээрэй” гэж байсан юм. Үүнээс гадна зөвхөн япончууд гэлтгүй дэлхийн бусад улсын жишгээр ажлаасаа сэтгэл ханамжийг мэдэрч, дурлаж хийдгийг суралцаасай гэж хүсдэг.
Мөн багаар ажиллах чадвар их чухал. Монголчуудыг ажиглаж байхад багаар ажиллаж байгаад сиймхий гарвал дундаас нь тодорчих гээд байдаг. Эсвэл таван хүний хоёр нь хариуцлагагүй алга болох жишээтэй. Үр дүн гаргаж, урт хугацаанд хамтдаа амжилтад хүрч, үр бүтээлтэй байх нөхцөлийг сүйтгэчихдэг. Тиймээс багаар ажиллахын ач холбогдлыг сайн ойлгож илүү том үр дүнгийн төлөө хамтрах хэрэгтэй гэж боддог. Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг үг байдаг шүү дээ.
Бид өнгөрсөн наймдугаар сард “ЖАЙКА”-ын Монгол дахь төлөөлөгчийн газар Нийслэлийн Бизнес инновацын газар, МҮХАҮТ, Монгол-Япон төв, Монгол, Японы худалдааны тэнхим зэрэг байгууллагуудтай хамтран 400 орчим хүний хүрээнд “Бизнес форум” зохион байгуулсан. Үүний 100 гаруй нь Япон талын төлөөлөгчид байсан бөгөөд хоёр талын бизнесийг хооронд нь танилцуулах илтгэл, хэлэлцүүлэг болсон. Үүний өмнөх өдөр Сүхбаатарын талбайд “Япон фестиваль Монголд” үйл ажиллагааг хоёр өдөр зохион байгуулж, 38 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн. Уг үйл ажиллагаагаар уламжлалт ба орчин үеийн япон соёлыг Монголд сурталчлан, танилцуулсан.
Мөн Японд жил бүр Монгол соёлыг танилцуулдаг “Хаврын баяр” гэдэг үйл ажиллагаа болдог. Оюутан байхдаа Япон өвөө эмээ нартай хамтраад зохион байгуулалтад нь оролцдог байсан бол сүүлийн үед онлайнаар дараа үеийн дүү нараа өөрсдийнхөө хэмжээнд дэмжиж ажиллаж байгаа. Түүнчлэн Японд боловсрол эзэмшээд ирсэн шинэхэн төгсөгчид карьерын талд зөвлөгөө өгөх зэргээр нийгэмлэгийн гишүүдтэйгээ харилцаа холбоо сайтай байдаг.
Энэ сарын 27-нд Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн 30 жилийн ой болно. Үүгээрээ Монголын салбарт түүчээлж байгаа залуусыг урьж туршлага солилцох яриа хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 172 (7669)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.