Ч.Бямбахажид
Ганц цогноос гал дэгдэж, шигүү ойг бүрхэн дүрэлзэнэ. Ой, хээрийн аюулт түймэр хэнийг, юуг ч ялгалгүй авч одох нь аймшигтай.
Улсын хэмжээнд он гарсаар нийт 85 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Ой, хээрийн түймэр нь газар нутгийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй гардаг байна. Тодруулбал, Хээрийн түймэр нь тал хээрийн ургамлын бүрхэвчийг хамран хяналтгүйгээр тархдаг. Гал гарах болон тархах механизм нь тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба ойн түймрээс илүү эрчимтэй тархаж, хормын төдийд л тал газрыг бүрхдэг байна.
Харин ойн түймэр нь хүн хүч, техник хэрэгсэл очих боломжгүй. Ойн санд гарч байгаа түймрийг унтраахаар хүн хүч, техник хэрэгсэл төвлөрүүлж ажиллаж байгаа хэдий ч ажиллагааны хувьд удаан, нэг ургаа модыг унтраах үйл ажиллагаанд олон цаг зарцуулах зэрэг бүрэн унтраахад асар хүндрэлтэй байдаг байна. Ойн түймэр га талбайгаасаа шалтгаалан олон хоног үргэлжилдэг зэрэг өндөр эрсдэлийг бий болгодог аж.
“Ойн түймрийг унтраахад унанги, гуу жалга, хөвд ихтэй байдаг учир хүндрэлтэй байдаг”
Одоогоор Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 357 албан хаагч, 32 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангиас 108 албан хаагч, 11 автомашин нийтдээ 465 хүн, 43 автомашин, найман мотоцикл, 17 морь, 686 гал унтраах багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “ЦУОШГ-аас тогтмол хуурайшилтын зэрэглэлтэй холбоотой хэмжилтийг хийж биднийг мэдээллээр хангадаг. Түймрийн эрсдэлийг бүс нутгаар нь авч үзвэл зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймрийн эрсдэл маш өндөр байна. Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Булган зэрэг ойн сан бүхий аймаг руу ойн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, тухайн аймаг сумын мэргэжлийн алба хаагчид, төрийн байгууллагын албан хаагчид, иргэд дайчлагдан ажиллаж байна. Ерөө суманд гарсан түймрийн зүүн талыг цурамд оруулж, баруун хэсгүүдээр нь түймрийн тархалтыг хязгаарлаж, унтраах ажиллагааг явуулж байгаа. Харин Түшиг суманд хоёр төрлийн хүнд машин, механизм ашиглан хамгаалах зурвас татсан. Хамгаалах зурвасын дотор талд Онцгой байдлын алба хаагчид болон тухайн аймаг, сумаас дайчлагдсан сайн дурын хэсгийнхэн унтраах ажиллагааг зохион байгуулаад ажиллаж байна. Тухайн газар унанги, зузаан хөвд ихтэй байгаа учраас түймрийг унтраахад хүндрэл учирч байна” гэлээ.
Харин улсын хэмжээнд он гарсаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, нийт 12 аймгийн 45 суманд 66 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувь өсчээ. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2.761 га, хээрийн 691.438 га талбай, нэг байшин, 41 гэр, хоёр автомашин, зургаан мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 6.323 мал, 7.230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Дээрх ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дэд хурандаа П.Соронзонболдоос тодруулсан юм.
Тэрээр “Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэр тавдугаар сарын 1-ний өдөр бүртгэгдсэн. Харин Ерөө суманд гарсан ойн түймэр дөрөвдүгээр сарын 29-нд бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Цагааннуур сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан ОБЕГ-ын алба хаагчид шууд Түшиг сум руу шилжин ажиллаж байгаа. Тавдугаар сарын 7-ны байдлаар алба хаагчид 10 дахь хоногтоо түймрийн голомтод ажиллаж байна. Энэ аймагт гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын өмнөд бүс буюу Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас албан хаагчдыг нэмэлтээр татан ажиллуулж байгаа. Мөн НОБГ, үндэсний аврах бригад, хойд бүсийн аймгууд болох Дархан-Уул, Орхон аймгийн 310 орчим албан хаагчид Түшиг суманд ажиллаж байна” гэлээ.
Мөн дээрх сумд нь унанги, гуу жалга, хөвд ихтэй учир түймэр унтраахад бэрхшээлтэй байгаа төдийгүй техник хэрэгсэл очих боломжгүй байгаа нь хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн Ерөө суманд гарсан ойн түймэрт “УАЗ-31” автомашинаас өөр техник хэрэгсэл очих боломжгүй байгаа талаар албаныхан хэлж байлаа. Мөн онгоцоор Булган аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-аас нэмэлтээр албан хаагчдыг хүргэж, түймэр унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа” гэв.
Урьдчилсан байдлаар Түшиг суманд 5000-7000 орчим га талбай ойн түймэрт өртсөн байна. Харин Ерөө суманд 1500 орчим га талбайн ойн сан устаж үгүй болж буй харамсалтай мэдээлэл бий. Түймэр бүрэн унтралгүй цаг, минут алдах тутамд энэ тоо хэмжээлшгүйгээр өссөөр байх болно.
Унтах нойроо умартан улангассан гал руу сум мэт орох онцгой байдлын албан хаагчид байгаль орчноо аюулт гамшгаас авран хамгаалахаар хүнд нөхцөлийг ийн сөрөн ажиллаж байна.
Хээрийн түймэрт техник хэрэгсэл ашиглахад хүндрэлтэй байдаг аж. Учир нь 12 метрээс дээш секундэд салхитай нөхцөлд түймэр унтраахад автомашин, техник хэрэгслүүдийг хүн тээвэрлэх, зөөх үйл ажиллагаанд л ашиглах боломжтой аж. Тодруулбал, 1м/сек нь 3.5км/цаг бол 10м/секундэд 35км/ цагийн хурдтай түймэр тархдаг хэмээн үзэж болох юм.
“Түймрийн эрсдэл гаргасан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 нэгжээр торгодог”
Түймэр унтраах багаж хэрэгслийн тухайд “Эрло” буюу үүргийн гал унтраагчийг ашигладаг байна. Алба хаагчид үүн дотор 10-20 литр ус хийн, үүрч унтраах ажиллагааг хийдэг байна. Мөн үлээгч аппаратаар агаарын даралт, салхины чиглэлээр галыг үлээж унтраадаг аж. Хээрийн түймрийг унтраах арга зүйн хувьд үлээгч аппаратаар унтраасны дараа үнс, нурам, бут сөөг зэрэг унтраасан талбайд цэвэрлэгээ хийж унтраадаг байна.
Цаашлаад ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд онгоц ашигладаг. Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах анги гурван нэгж техник хэрэгсэл буюу онгоцтой байдаг байна. Түймрийн нөхцөл байдал, онгоцоор тандан судлал хийж, аль чиглэлд тархаж байгаа, газар орны байдал, аль хэсэгт албан хаагчдаа хүргэх зэрэг шийдвэрийг гаргахын тулд онгоц ашиглаж байгаа аж.
Дашрамд дурдахад, он гарсаар ойн 31.200 га, хээрийн 701 мянган га талбай буюу нийтдээ 732 мянган га талбай урьдчилсан байдлаар түймэрт өртөөд байна. Мөн түймрийн улмаас таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл гээд урьдчилсан байдлаар 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
ЦЕГ-ын экологийн цагдаагийн албаны мэдээллээр нийт бүртгэгдэж байгаа ой, хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүджээ. Тэгвэл хэн нэгний анхаарал, болгоомжгүй, санаатай болон санамсаргүй энэ үйлдлийг хэрхэн шийтгэж байна вэ.
Энэ талаар ОБЕГ-ын дэд хурандаа П.Соронзонболд “Энэ төрлийн хэргийг Цагдаа, хуулийн байгууллага голлон мөрдөн шалгадаг. Харин “Зөрчлийн тухай” хуулиар Онцгой байдлын алба хаагчид буюу эрх бүхий албан тушаалтнууд арга хэмжээ авдаг. Ингэхдээ “Зөрчлийн тухай” хуулийн 5.14 заасны дагуу иргэнийг 100 нэгжээр, ААН, хуулийн этгээдийг 1000 нэгжээр торгодог.
Эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай буюу хүний амь настай холбоотой, их хэмжээний хохирол үүссэн нөхцөлд Цагдаагийн байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг шүүн шийтгэдэг. Ингэхдээ “Эрүүгийн хууль”-д заасны дагуу хохир ял оноож зохицуулдаг” гэлээ.
“Богдхан ууланд түймэр гарахтай зэрэгцэн Улаанбаатар хотод 10 удаагийн шар өвсний дуудлага иржээ”
Түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн 2025 оны гуравдугаар сарын 20-ноос өдөр бүр ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж байна. Давхардсан тоогоор 960 алба хаагч 240 тээврийн хэрэгсэлтэйгээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуй нэгж байгууллага, 4019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллажээ. Мөн энэ хүрээнд түймрийн эрсдэл өндөртэй Дорнод, Сүхбаатар, Орхон, Архангай, Булган аймгуудад тавдугаар сарын 7-ны байдлаар 108 албан хаагч, 23 автомашинтай хөдөлгөөнт эргүүл хийж байна. Эргүүлийн хугацаанд нийтдээ 5751 автомашинд урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу ухаалга сурталчилгаа хийж, сануулга өгчээ. Мөн 3200 орчим айл өрхийн 11 мянга орчим иргэнд түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамжийг тараасан байна.
Цаашлаад энэ хугацаанд эргүүлд гарсан албан хаагчид долоон удаагийн ой хээрийн түймрийн дуудлагад ажилласан байна. Эргүүл гарсны үр дүнд маш богино хугацаанд ой хээрийн түймрийг тогтоон барьж, унтрааж байгаа аж. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг иргэдэд хүргэх, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийг чадавхжуулах чиглэлд ажиллаж байна.
Иргэдэд сануулга, зөвлөмж өгсөөр байгаа хэдий ч анхаарал, болгоомжгүй, хэнэггүй үйлдэл гаргасаар байгаа нь ойрын үед гарч буй олон удаагийн түймрийн аюулт нөхцөл байдлаас харагдаж байна.
Жишээлбэл, Богдхан ууланд түймэр гарахтай зэрэгцэн Улаанбаатар хотод 10 удаагийн шар өвсний дуудлага иржээ. Хэдий иргэдэд анхааруулж, тэр бүү хэл нүдэн дээр нь түймэр авалцаж байхад л шар өвсөө шатаасан хэвээр байгааг албаныхан хэлж байсан юм.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой, хээрийн гал түймрийн гурван, шар өвсний гал түймрийн 255 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүн шар өвсний гал түймрийн 52 удаагийн дуудлагад шуурхай унтрааж ажиллалаа.
Түймрийн эрсдэл бүхий зургаан аймгийн 15 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 алба хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, болон ил задгай гал гаргахыг 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 10- ны өдөр, 2025 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосон.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтэд гал түймрийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг олгох, таниулах зорилгоор “Сэргийлье, хамгаалъя” аяныг улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд сургалт, сурталчилгааны олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа төдийгүй иргэд, ААН-ийн эрсдэлийг үнэлэх асуулгыг бөглүүлж байгаа аж. Асуулгаар айл өрх, иргэд, ААН байгууллагууд эрсдэлт нөхцөлийн талаарх мэдлэгийн түвшин ямар байгааг тодорхойлж, зөвлөмж мэдээлэл хүргэж байгаа юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 87 (7584)