П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгч Desant, Ginjin, Icetop хамтлагийн Боогий нарын хамтарсан “In Da Khuree” тоглолт маргааш буюу энэ сарын 10-ны өдөр SocicalPay Park-д зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийж, тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Хоёр найзыгаа хүндэтгээд Icetop хамтлаг таван дуу дуулна

Амьд хөгжимтэй хип хоп үглэж, хөлсөө гартал бэлтгэл хийх тэрээр Icetop хамтлагийн Боогий аж. Хамтлагийнхаа ахлагчийг тэнгэрийн оронд алдаад удаагүй байгаа түүний хувьд товлосон хэдий ч тоглолт хийнэ гэдэг амаргүй шийдвэр байсан нь мэдээж. “Би энэ тоглолтод орохгүй гэж бодож байсан. Гэвч хамтлагийнхан болон ар гэрийн зүгээс харин ч тоглох хэрэгтэй. Ахлагчдаа зориулсан номер гаргаж тоглооч гэсэн. Тиймээс манай хамтлаг шийдвэр гаргаж, хоёр найзыгаа хүндэтгээд тоглохоор боллоо. Хамтлагтайгаа таван дуу дуулна. Харин миний хувьд амьд хөгжимтэй дуулахаар төлөвлөсөн” гэж асуултад хариулж суусан юм. 

Монголын хип хоп урсгалын магадгүй гурван үеийн төлөөлөл гэж хэлж болохоор энэ гурван уран бүтээлчийн тоглолтын найруулагчаар “Язгуур” студийн ерөнхий найруулагч н.Энхбаатар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад задгай талбайн тоглолт ихээр боллоо. Үүнийгээ дагаад хөгжим, дууны дуугаралт өндөр түвшинд хөгжжээ. Харин тайзны ледийг Монголд анх удаа 45 градусын налуутай засаж, дуучдыг үзэгчидтэй ойрхон байлгах үүднээс засаж байгаа аж. Тоглолт нийт таван цаг орчим үргэлжлэх бөгөөд халаалтын дуучин байхгүй гэдгээрээ онцлог юм. Desant, Ginjin, Boogii гэх дарааллаар дуулсаар хамгийн сүүлд хамтарсан бүтээлээ сонсогчдодоо хүргэнэ. Тоглолтыг долоон хэсэгт хуваасан бөгөөд Icetop, Digital, Di Batuka, Tsetse, Ka, Jason, Mrs M, Limit King, Fla, Vandebo, Blu, Shuwu, Youngsub, Харангын Лхагвасүрэн нар тоглолтын нэг хэсэг болж оролцох ажээ.

 

Орчин үеийн ямар ч дуунд уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглаж болно

Тоглолтын нэрийн тухайд Улаанбаатар хоттой холбоотой гэнэ. Их хүрээ, Нийслэл хүрээ гэхчлэн нийслэл хотоо нэрлэж байсан түүхээс сэдэвлэжээ. Цаашлаад Desant, Ginjin, Boogii нарын хамтран гаргасан “In Da Khuree” дуунд морин хуурыг ашигласан байна. Энэ нь хөгжмөөр дамжуулж монголчуудыг таниулах, урлагийн хэлээр эх орноо сурталчлах гэсэн сэтгэлийн илэрхийлэл аж. Ginjin “Орчин үеийн ямар ч дуу байсан уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглаж болно. Би хоёр дахь цомог дээрээ бас уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглаж байгаа гэсэн” юм. Монголын хип хоп дуучид задгай талбайд эсвэл оройн цагаар бааранд гэсэн хоёр газарт дуулдаг. Тиймээс энэ урсгалыг сонирхогч 12-оос дээш насны хүүхдүүд харгалзах хүний хамт ирж үзэх боломжтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 87 (7584)