Т.БАТТУЛГА

 

Хиймэл оюун ухаан, криптовалют, дата төвүүдийн цахилгааны хэрэглээ ойрын жилүүдэд эрс өсөх хандлагатай байгаа тул технологийн томоохон компаниуд цэвэр, найдвартай, уян хатан эрчим хүчээр хангахын тулд бага чадлын модуляр реакторууд (Small Modular Reactors/SMRs) зэрэг дэвшилтэт цөмийн технологийг идэвхтэй эрэлхийлж байна. Энэ нь зах зээлд хараахан гарч ирээгүй байгаа SMR болон бусад дэвшилтэт реакторуудыг арилжаалах шинэ замыг бий болгоно гэж шинжээчид таамаглаж, энэ чиглэл рүү хөрөнгө оруулалтын шинэ урсгал бий болохоор байгаа юм. 

Мэдээллийн төвүүд, хиймэл оюун ухаан, криптовалютууд нийлээд 2022 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний хоёр хувийг эзэлж байсан бол 2026 он гэхэд хоёр дахин өсөх магадлалтайг Олон улсын эрчим хүчний агентлаг (International Energy Agency) тайландаа дурджээ. Amazon, Microsoft, Google, Меta гэсэн дөрвөн компанийн цахилгааны нийт хэрэглээ 2017-2021 оны хооронд хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 72 тераватт*цаг (ТВт*цаг) болсон байна.

Томоохон технологийн компаниуд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах, компанийн тогтвортой байдлын зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа нүүрстөрөгчгүй болгохыг эрмэлзэж байна. Тэд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гадна SMR гэх мэт дэвшилтэт цөмийн технологийг хэдийнээ сонирхож, нэвтрүүлэхийг зорилго болгоод байгаа юм.  

Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн эрчим хүчний хэлтсийн захирал Алин дес Клойзеа “Зарим бүс нутагт дэвшилтэт цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг байгуулах зам нь технологийн аж үйлдвэрийн салбар дахь эцсийн хэрэглэгч томоохон корпорациуд байдаг. SMR болон бусад дэвшилтэт цөмийн реакторууд нь эдгээр компаниудын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай уян хатан, нүүрстөрөгч багатай, найдвартай эрчим хүчээр хангах үүргийг гүйцэтгэхэд  маш сайн тохирно” гэжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн (EIA)-ийн мэдээлснээр 2022 онд дата төвүүд ойролцоогоор 460 ТВт/цаг цахилгаан зарцуулсан байна. 2026 он гэхэд энэ тоо 1000 гаруй ТВт/ц болж өсөх болно. Энэ нь өнгөрсөн онд дэлхийн цөмийн эрчим хүчний станцуудын үйлдвэрлэсэн нийт цахилгаан эрчим хүчний гуравны нэгээс илүү буюу Японы цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй бараг тэнцэхүйц хэмжээ юм.

Хятадад дата төвүүдийн цахилгааны хэрэгцээ 2030 он гэхэд 2020 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 400 ТВт/цаг болох төлөвтэй байна. АНУ-ын зүүн хойд хэсэгт дата төвүүд цахилгаан эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бол Европ дахь дата төвийн зах зээл ч хурдацтай хөгжиж байна. Жишээ нь Ирландын дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 2022 онд 5.3 ТВт/цаг байсан нь тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 17 хувьтай тэнцжээ. Энэ хурдаар үргэлжилвэл Ирландын дата төвүүд 2026 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлж тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 32 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа юм. 

Google, Microsoft компаниуд нүүрстөрөгчөөс ангид цэвэр, найдвартай, суурь ачаалал даахуйц технологи цөмийн эрчим хүч байх боломжтой гэж үзэж байна.

Тухайлбал, Microsoft компани цөмийн хуваагдал болон нэгдэлд үндэслэсэн технологийг нүүрстөрөгчгүйжүүлэх хэрэгсэл болгон ашиглах танилцуулга хийсэн бол Google компани  цөмийн дэвшилтэт технологиудыг арилжаалахад учрах саад тотгорыг бууруулахад тусалж чадна гэж мэдэгдээд байна.

Цөмийн дэвшилтэт технологиуд нь овор хэмжээ багатай, модульчлагдсан байх учраас хэрэглээнд нэвтрүүлэхэд боломжийн өртөгтэй байна гэсэн дүр зургийг шинжээчид хэлж байгаа. Ураны эрчим хүч манай гаригийн технологийн мангасуудад эрчим хүчний чухал эх үүсвэрт тооцогдон, хөрөнгө оруулалтын шинэ замын зургийг нээгээд байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 87 (7584)