С.УРТНАСАН
“Глоб”-ын Ж.Мэндбаяр болон ХЗХ-ны хохирогчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа нар төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжлэх, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гүтгүүлсэндээ нотлох баримттайгаар няцаалт хийх тухай асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Тодруулбал, төрөөс 50 тэрбум төгрөгийг нэхэмжилж буй ХЗХ-ны гүйцэтгэх захирал А.Алтантуяа болон Глоб хоршооны дарга асан Ж.Мэндбаяр нар тухайн асуудал шийдэгдэх хүртэл хохирогчдын хамт бизнес төсөл хэрэгжүүлж ашгаар нь үлдсэн хохирлыг барагдуулна гэж байв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Глоб хоршооны хөрөнгийг эргэлдүүлсэн гэсэн гүтгэлэгт нотлох баримттайгаар няцаалт хийж өөрийгөө ХЗХ-ны хохирогч гэж нэрийдсэн Оюунцэцэг гэх эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулах талаар тус хэвлэлийн хурлаар ярилаа.
Энэ талаар ХЗХ-ны хохирогчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа: “Бид Оюунцэцэг гэх эмэгтэйтэй хадгаламж зээлийн хоршоог дампууруулсан, ард иргэдээс мөнгө дээрэмдсэн гэх хэрэг дээр анхнаасаа хамтдаа тэмцэж явсан. Түүнийхээ үр дүнд хоёр ч удаа УИХ-аар хууль батлуулж хэрэгжилтийг нь хангуулахаар ажиллаж байсан. Харин одоо бүх хадгаламж зээлийн хоршоо Ж.Мэндбаяраас болж дампуурсан мэтээр ярьж 5000 гаруй хүн хохирлоо барагдуулаагүй байгаа гэж байна. Глоб хадгаламж зээлийн хоршооны тухайд Оюунцэцэг гэгч ингэж ярих эрхгүй. 2016 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад ажлын хэсэг байгуулагдсан. Тэр үед ч энэ хүн байсан. Төрөөс хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийг хураах үеийн үйл явцыг ажлын хэсгээр шалгуулахад Ж.Мэндбаярын хөрөнгө 9.8 тэрбумаар үнэлэгдсэн. Тухайн хөрөнгө Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, төрийн албан хаагчдын гараар орж шалгагдаж байгаад ирэхдээ 2.2 тэрбум төгрөг болж төрийн дансанд цугларсан. Энэ тухай мэдэж байгаа боловч Ж.Мэндбаярын дүү УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ их мөнгөөр баяжиж байгаа гэсэн худал мэдээллийг тарааж, гүтгэж байна. Оюунцэцэг гэх энэ эмэгтэйн нэр манай хоршооны хохирогчдын жагсаалтад байхгүй. Тиймээс бодит үнэнд байхгүй худлаа зүйлийг ярьж болохгүй” гэж өөрийн байр суурийг илэрхийллээ.
Харин энэ асуудал дээр Глоб хадгаламж зээлийн хоршооны асан Ж.Мэндбаяр: “Маш ноцтой нуугдмал хөрөнгийн талаарх баримтыг Глобын нэгэн хохирогч Оюунцэцэг рүү явуулсан гэнэ. Миний дүү Ж.Баярмаад 31 тэрбум, нөхрийнх нь нэр дээр 16 тэрбум болон Богд уулын аманд хаус хотхон барьж байгаа гэсэн мэдээлэл очсон талаар ярьж байна лээ. Хаа хамаагүй баригдаж дуусаагүй барилгын гадна очиж харуулчхаад Глобын нуугдмал хөрөнгө тодорхой боллоо гэсэн мэдээллийн цацсан. Тодорхой болсон учраас АТЕГ-т өгнө гээд 7-8 хонож байгаа ч өгөөгүй л байна. И-монголиа дээрх нээлттэй хөрөнгө орлогын мэдүүлгийг барьсан боловч миний дүүгийн нэр төрд халдаж байна. Хохирлыг өөрийнхөө хөрөнгөөр төлөхгүй байна гэж харуулах гэсэн болов уу. Тиймээс Баярмаад ес зүйн хариуцлага хүлээлгэхийг Ардчилсан намаас шаардаж Хэлмэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж байгаа юм байна. Ж.Баярмаа айх зүйлгүй учраас асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Хэн нэгний гүтгэлгээс болж өөрийн хөрөнгөөр бусдын хохирлыг барагдуулах хууль УИХ-ын гишүүн болсон ч тэр хүнд үүсэхгүй” гэв.
Ж.Мэндбаяр 2006 оны дөрөвдүгээр сарын 14-ны баасан гарагийн шөнө баривчлагдсанаас хойш 19 жил өнгөрчээ. Тухайн үед Глоб-д эрүүгийн хэрэг үүсэж хөрөнгийг нь битүүмжилжээ. Хөрөнгийг битүүмжилсний дараа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газраас Улсын мөрдөн байцаах газарт бичиг очсон байна. Тухайн бичиг баримтаас харахад нийслэлийн нэг ч өмч байхгүй газрын хөрөнгийг тухайн газар үнэлгээний комисс гаргаж үнэлүүлээд мөрдөн байцаах газар руу бичиг явуулсныг байж болохгүй гэж тус хоршооны дарга асан үзжээ. 1462 нэр төрлийн 20-30 мянган эд хөрөнгө байсан ба 4тэрбум 300 саяар үнэлэгдсэн байна. Тус хэргээр захиргааны хэргийн шүүхэд хандахад хөрөнгийн үнэлгээг тухайн зах зээлийн үнэлгээгээр 11.8 тэрбумын хохирол гэж тогтоожээ. Эдгээр хөрөнгийн үнэлгээнүүд буруутай гэж үзэн одоогийн зах зээлийн үнээр хөрөнгөө үнэлүүлж 50 тэрбумыг төрөөс нэхэмжилж байгаа ажээ.
Эх сурвалж: zms.mn