Өнөөдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, сэтгүүлч, продюссер, “Инээмсэглэл” хамтлагийн  гишүүн Балчинжавын Долгион агсаны төрсөн өдөр. Тэр өнөөдөр 70 нас хүрэх байлаа. Түүний дурсгалыг хүндэтгэж сэтгүүлч Ц.Энхмаагийн архиваас 2007 онд “Өнөөдөр” сонинд хэвлэгдэж байсан сурвалжилгыг нийтлэв.

Би өвөө болохгүй ээ

Соля охин таван настай. “Солнышка” цэцэрлэгт гурав дахь жилээ явж буй. Энэ жил сургуульд оруулах эсэхээ Доля аав хараахан шийдээгүй байна лээ. “Би бол долоон настайдаа орсон юм” хэмээн аав дурсамж хэлэв. Найз нөхөд нь урлагт хайртай Б.Долгионыг Доля хэмээн дотносдог юм гэлээ.

“Миний охин дуучин Сараагийн төрсөн өдрийн наана билүү, цаана билүү, их л ойрхон төрсөн юмдаг. Сараагийн төрсөн өдрийн тоглолтын үеэр Сосорбарам намайг өвөө боллоо гэж анх зарласан” гэлээ. “Би өвөө болохгүй ээ” гэхэд гэргий нь хөөрхөн шар охин төрүүлж өгч. Тэр нь энэ бяцхан Соля. Долягийн ганц бурхан бололтой. Заавал танай гэрт тухалж сурвалжилга авна гэхэд тэр Гүнт дэх зусландаа ээжтэйгээ салхинд гарсан охиныг авчруулчихсан байгаа юм. Цэвэр агаарт байлгаж байхгүй дээ гэхэд “Охинтойгоо зургаа авахуулах гэсэн юм” гэлээ.

-Соля, чиний жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ?

-Төгснаран.

-Өнөөдөр яагаад цэцэрлэгтээ яваагүй юм бэ?

-Амралтын өдөр.

-Цэцэрлэгт явах гоё уу, ээжтэйгээ гэртээ байх нь гоё юм уу?

-Цэцэрлэг гоё.

-Миний дүү аавдаа хайртай юу, ээждээ юү?

-Хоёуланд нь...

Төгснаран охин биднийг тэднийд байх цаг гаруйхны хугацаанд гурван ч туфль сольж гангарлаа. Дуу цөөтэй даруухан, бас их зөөлхөн Соля чимээгүйхэн том өрөөнөөсөө гараад явчихсан шигээ гутлаа сольчихоод бас л чимээгүйхэн ороод ирнэ. Зурагчин эгч гоё гуталтай зургийг минь авч байгаа болов уу гэж л бодоод байгаа бололтой. Гэрэл зурагчин Т.Чимгээ эгчээс минь нүд салгахгүй ширтээд байлаа. Яах аргагүй л охин хүүхдийн зан даа.

-Миний хэнз охин чинь бага ахыгаа 21-тэйд гарсан юм. Том хүү минь Германд. Тэр одоо 33-тай. Эхнэр бид хоёр 33 дахь жилдээ ханилж байна. Дараагийн охин 32-той.

-Аавыг андуураад олон түмний өмнө өвөө боллоо гэж зарлаж шараа болгосон байна шүү?

-Харин тийм. Олон хүн “Өвөө болсонд баяр хүргэе” гэж утасдаад болдоггүй.

-Охин чинь цэцэрлэгтээ явах дуртай юм аа?

-Өглөө эрт сэрээд л явна гэдэг юм. Явахгүй бол уйдна л даа. Бид гурав л энд байдаг юм. Би ажил гээд орой аажуухан ирнэ.

Хөгжмийн зохиолч Б.Долгионы гэргий С.Сэлэнгэ өнгөрсөн бямба гарагт эзгүй байлаа. Зусланд гарсан гэсэн. Ер нь амралтын өдрөөр Долгионыхон микрээ орхиод Гүнтэд өнждөг гэнэ. Хотын их утаанаас хэсэгхэн ч атугай холдох таатай. Ар гэрийн хамаг ажлыг жин тан болгодог гэргий эзгүй тул манай баатар том охиноо, хүргэнтэйгээ дууджээ. Зочдын цай, хоолыг бэлтгэ гэж лүндэн буулгасан бололтой. Хүргэнийх нь тэднийтэй зэргэлдээ шахуу байранд амьдардаг гэсэн. Охин аавдаа кофе аягалж өгөөд, “таны саахар хаана байгаа юм” гэж асууж байна лээ. Тэр тусгай “юм” хэрэглэдэг бололтой.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 86 (7583)