Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга асан, гавьяат багш Чулуунгомбын Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ.
Я.СУМЪЯА
Монголд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ардын багш цол хүртсэн, Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн 1977-1988 оны дарга, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат багш Чулуунгомбын Цэрэндуламтай уулзаж ярилцав.
Ч.Цэрэндулам дарга бол Монголын хүүхдийн байгууллагын хөгжлийн жинхэнэ оргил үеийн ачааны хүндийг үүрч, ажлын голыг нугалж явсан гавьяатайн дээр нийгэм солигдох амаргүй цаг үед Монголын боловсролын байгууллагын хувь заяаны алтан жолоог атгалцаж зүтгэсэн Ардын боловсролын яамны орлогч сайд байв. Тэрээр боловсрол мэдлэг, чадвар чансаа, удирдах ажлын арга туршлагаараа улс нийгэмд танигдан төр улсынхаа босго өндөр, хариуцлага чанга албанд тохоон томилогдож байсан тэр цагийн хуруу дарам цөөн эмэгтэй удирдагчдын нэгэн юм. Ч.Цэрэндулам даргын толгойлж байсан Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын Төв зөвлөлийн аппарат, аймаг хотын пионерийн байгууллагынхан Монголын хүүхэд багачуудын төлөөх гэгээн үйл хэрэгт одоо ч тэр үеийн бүтэц зохион байгуулалтаараа сэтгэл нэг, зүтгэл нэг түүчээлэн буй нь нэн бахархалтай.
100 жилийн ойгоо хамгийн их догдлон хүлээсэн хүмүүс бол МПБ-ын үе үеийн зүтгэлтнүүд. Хамгийн их утасны дуудлага хүлээн авсан хүн бол Ч.Цэрэндулам дарга... Хүнээ гэсэн халуун сэтгэлтэй, хаана ч үг, үйлдэл нь үнэлэгдэх зай зангаргатай удирдлага гэдэг ийнхүү цаг хугацааны шалгуур улам бүр байр суурийг нь тодосгоод өгдөг аж. Албан ёсны байгууллага биш ч “сэтгэлд цог байвал тулганд гал буй”-н жишгээр Ч.Цэрэндулам даргын штаб бүхнийг сэтгэлчлэн бүтээсээр тэгш дүүрэн ойтойгоо золгосон нь нэн бахархалтай.
-Хүн болох багаасаа гэдэг. Насаараа хүүхдийн төлөө зүтгэж, хүний төлөө яваа Цэрэндулам дарга маань өөрөө ер нь ямархан хүүхэд байсан юм бол. Бага насны тань дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Би XVI жарны усан морин жилд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт төрсөн, аав ээжийнхээ гурав дахь охин. Тэр үеийн хүүхдүүдийн адил таван наснаас тусад орж тугал, хурга хариулж, ус түлш ойртуулах, ааруул ээзгий хийлцэх бүхий л ажилд чадахын хэрээр тусалдаг байв. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл малчин айлын ажил ямар тасрах биш. Долоон настайдаа морь унаад хонь, ямаагаа хариулдаг байсан. Нэг удаа ээжийнхээ оёж өгсөн торгон дээлийг заавал өмсөж явна гэж зүтгээд, үдийн халуунд хонио услахдаа тайлаад эмээл дээрээ тохоод үлдээв. Орой гэртээ ирээд дээлээ гээснээ мэдээд буцаад л уйлаад давхичхав. Рашааны захад мал гишгээд бөөн шавар болгочхож, авчраад хашаан дээрээ хатаахаар дэлгэж орхиод хоёр ханцуйг нь тугалд идүүлчхээд зөндөө их уйлж билээ. Ээж минь “Охиндоо шинэ дээл хийж өгнө” гээд л аргадаж байсныг нь одоо би дурсан санаж ээжийгээ хайрлан нулимс унагадаг юм. Энэ мэт хөгтэй хөөртэй дурсамж зөндөө бий.
-Эрт тусад оржээ, тэгээд л сургуулийн он жилүүд залгасан байх даа?
- Би найман настай Улаанбаатарт ирж, Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2-р дунд сургуульд орж суралцаад 1960 онд төгсөж байлаа. Дунд, ахлах ангидаа Пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга, Сурагчдын зөвлөлийн даргын сонгуультай, сурагч мөртөө багш шиг л ажиллаж байсан санагддаг юм. Тэр үеийн хүүхдүүд бид өөрөө өөрсдийгөө удирдаж, сургууль пионерийн байгууллага мөн ч олон төрлийн ажил зохион байгуулдаг байж дээ. Манай ангийнхан хичээл сурлагадаа сайн, авьяастай, аливаад идэвхтэй, их дайчин хүүхдүүд байсан. Нэрт зохиолч Д.Батбаяр, кино найруулагч Г.Жигжидсүрэн, доктор Х.Нямбуу, Оюунцэцэг, Франц хэлний нэртэй орчуулагч Х.Оюун, Улсын зөвлөх инженерүүд гээд цөмөөрөө их дээд сургууль төгсөж бүхий л салбарт нэр төртэй ажиллаж ирсэн 10-ын В-гийнхэн гэж дуудуулж цоллуулж, хүүхэд насаа хөтлөлцөн туулсан найз нараараа бахархаж явдаг.
-Сурагч байхын багш шиг ажиллаж байсныг бодоход та ер нь удирдах эрдэмд эрт суралцаж, ирээдүйн мэргэжлээ түүртэлгүй сонгосон хүн юм аа даа?
-Мэргэжил сонгоход нөлөөлсөн зүйл их байсан. Сургуулийн амралтаар хөдөө гэртээ очоод айл саахалтын хүүхдүүдийг удирдан тоглуулж, баг, сумын уралдаан зохион байгуулж, найз нартайгаа нэгдлийн үнээ саан заводод сүү тушаана, ногооны талбайн хогийн ургамал түүж, хадлангийн талбайд бухал хийхэд тэднийгээ мөн л багш нь юм шиг удирдан хөтөлдөг байлаа. Тэр ч байтугай багийн клубт болох үдэшлэгийн зар тараана, клубын мод түлээг бэлтгэхэд нууцаар оролцон аавдаа загнуулдаг байж билээ. Багш болбол зүгээр санагдах болсон тул 10 жилээ дүүргээд Москва хотын В.И.Лениний нэрэмжит Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд орж суралцан багш мэргэжил эзэмшсэн. 10 жилийн 1-р сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхлэн багшилснаас хойш, Багш нарыг бэлтгэх сургуулийн хичээлийн эрхлэгч, 23-р тусгай сургуулийн захирал, 2-р 10 жилийн сургуулийн захирал, сүүлд Олон улсын АДРА байгууллагад зөвлөхөөр ажиллаж, “Итгэл” төслийн зохицуулагч, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар эмзэг бүлгийн хүүхдүүдэд амьдрах арга ухааныг зааж сургах зорилготой “Солонго” сургалтын төвийн захирал гээд Монгол орны олон мянган хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд багш мэргэжлээрээ 40 гаруй жил зүтгэж авьяас чадвар, мэдлэг ухаанаа зориулж дээ.

-Сурагч хүүхдүүдийн багшаас шууд л багшийн багш болж эх орондоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн ууган эрдмийн уурхай Багшийн сургуулийн хичээлийн эрхлэгчийн албанд очно гэдэг үнэхээр бахархам томилолт байжээ?
-Баярлаж бахархахаасаа илүү балмагдан сандарч байсан даа. Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн анхны сургууль, билэг оюуны их уурхай Багшийн сургуулийн хичээлийн эрхлэгчийн алба гэдэг сургууль төгсөөд удаагүй 23-хан настай залуу хүнд үнэхээр ахадсан өндөр хариуцлагатай алба байсан. Нэр хүндтэй олон мундаг багш, сурган хүмүүжүүлэгч ажилладаг, тэдэн дотор миний дунд сургуулийн багш Баяраа, Гомбо, гавьяат багш Гүндэгмаа, Ичинхорлоо нар хүртэл байсан юм. Тэр үеийн Багшийн сургууль хүүхэд залууст өндөр мэдлэг чадвар олгодог, авьяасыг нь хөгжүүлж чаддаг үнэхээр чадварлаг багш нарыг бэлтгэдэг байсан. Манай сургуулийн тэр үеийн хөгжмийн ангиас л гэхэд Н.Жанцанноров, Ч.Алтансүх, Б.Шарав, Х.Билэгжаргал зэрэг манай хөгжмийн урлагийн урдаа барьдаг томчуул төрөн гарсан байдаг юм.
- Таныг захирлаар нь ажиллаж байх тэр үеийн 23 дугаар тусгай дунд сургууль ч мөн манай боловсролын салбарын нэлээд онцгой сургуулийн нэг байсан болов уу?
-Тийм ээ. Москва хотын дунд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэдэг, 60 гаруй шилдэг орос багш, 10 гаруй монгол багштай, төгссөн хүүхэд болгон гадаад дотоодын их дээд сургуулийн шалгалтад тэнцдэг үнэхээр шилдэг сургалттай, шаардлага маш өндөр 10 жилийн сургууль байсан. Нийслэлийн дунд сургуулиудын нээлттэй хичээл, үзүүлэх сургалт, туршлага солилцох уулзалт тогтмол зохион байгуулдаг төв лаборатори нь байсан гэж хэлж болно. Пионер сурагчдын концерт, урлагийн наадам, уралдаан, биеийн тамир спортын тэмцээн, өртөөчилсөн аялал зохион байгуулж байсан нь бусад сургуулиудад үлгэр жишээ болж байсан. Сурагчид орос хэлнээс гадна, англи, герман хэлийг сонирхлоороо дугуйлангаар сонгон суралцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай анхны төгсөгч, тус сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга байсан С.Оюун, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, гео физикч Ц.Ганхуяг, хуульч Б.Дэлгэрмаа, сайд асан Туяа, генерал Д.Батжаргал зэрэг эх орныхоо бүхий л тэргүүлэх салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байгаа тэр цагийн 23 дугаар сургуулийн сурагч, энэ цагийн олон алдартай хүмүүсийг дурдаж болно.
-Сурагч насандаа Бүлгэмийн зөвлөлийн дарга, Сурагчийн зөвлөлийн дарга нь байсан хүүхэд эргээд төрөлх хоёрдугаар арван жилийн сургуульдаа захирлаар очно гэдэг тэр болгон хүнд тохиогоод байхгүй хувь заяа мөн болов уу. Нөгөө талаас Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль ирээдүйгээ сайн бэлдэж байжээ, одоо ч тэр үеийнхээ чансааг өргөж яваа сургууль мөн биз?
-Арван жил сурч төгссөн, эргээд захирлаар нь ажиллаж байсан яах аргагүй төрөлх сургууль минь юм. Одоо энэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус сургуулийн сурагч юм. Захирлаар очоод миний гол анхаарч, ажил болгосон зүйл бол багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх иж бүрэн программ боловсруулж сургалт, уулзалт, үзүүлэх сургалт, туршлага солилцох олон төрлийн шинэлэг ажил зохион байгуулж хэрэгжүүлсэн. Анги танхим, биеийн тамирын талбай, танхим заал тохижуулах ажилд нэлээд цаг зарцуулсан. Тэргүүний багш шалгаруулах уралдаан тэмцээн зохион явуулж байсан нь сурагч, багш нарт урам зориг өгсөн үр дүнтэй ажил болж байв. Би багш нарынхаа тухай ярих дуртай. Ш.Бат-Өлзийт, Долгор, Ичинхорлоо, Меден, Лхагдан нарын олон сайхан багш нараараа үргэлж бахархаж явдаг. Тэр үеийн багш нар өндөр боловсролтой хариуцлагатай, зарчимч шударга жинхэнэ сурган хүмүүжүүлэгчид байсан юм.
-Та гадаад улс оронд ч сууж ажиллаж байсан юм билээ, юм үзэж нүд тайлахын хамт эх орондоо туршлага болгож дэлгэрүүлмээр зүйл бишгүй сурч мэдэж ирж байв уу?
-Миний нөхөр Д.Мягмар дипломат ажилтан байсан, БНМАУ-аас Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайдын яаманд ажиллах болсноор манайх Их Британын арал дээр монгол гал голомтоо асаалцсаныгаа их завшаан гэж боддог доо. Элчин Сайдын Яамны нярав, нягтлан бодогч, бичээч, үйлчлэгч зэрэг бүхий л ажлыг гурван эмэгтэй хийдэг байлаа. Их ч юм сурсан, Элчин сайд С.Дамбадаржаа гуай туршлагатай үнэхээр мундаг дипломатч хүн, биднийг их ч зүйлд сургасан. Хагас бүтэн сайн өдрөөр Англи орноор аялж дурсгалт газрууд, музей, үзэсгэлэнг бүгдийг үзнэ. Өндөр шаардлагатай хүнээс хүн их юм сурдаг юм билээ. Зарим үед чадахааргүй ажил ч хариуцуулна. Нэг удаа сайд дуудаад Их Британын номын санд очиж “В.И.Ленин Лондонд байсан тухай” уншаад “Үнэн” сонинд өгүүлэл бичих даалгавар өглөө. Хэл мэдэхгүй би тэр том номын санд очоод яах билээ. Нөхөртөө хэлсэн чинь “Би ажилтай, хамт явж амжихгүй, яахаа өөрөө мэд” гэлээ. Арга ядахдаа, дипломат ажилтан Лхашидаар “Энэ хүнд Лениний тухай материал үзүүлнэ үү” гэж англиар товч бичүүлж аваад явлаа. Зах хязгааргүй том номын санд очоод мэнд усаа мэдэлцээд нөгөө бичгээ үзүүлсэн чинь ширээ дүүрэн боть ном гаргаж өглөө. Толь бичиг эргүүлж харж бүтэн сар сууж нэг юм бичээд ирлээ. Орчуулснаа бичиж, бичсэнээ найруулж сайжруулсаар дахин сар нухаж байж “Үнэн” сонинд явуулсанд удаалгүй гаргасныг үзээд маш их баярлаж байж билээ. Сайдын даалгаврыг биелүүлсэндээ урамтай байсан ч “Манай элчин сайдын яамныхнаас хэн нь ч тэр том номын санд хөл тавьж үзээгүй байхад чи харин чадлаа” гээд хамт олноо инээлдэхэд нь би “та нарын хэн нь ч надад тусалсангүй” гээд шарандаа уйлж байж билээ. Энэ мэт шинэ соргог олон сайхан зүйл үзэж ялангуяа боловсролын салбар, хүүхэд багачуудынх нь амьдрал ахуйд нүд сэтгэл их л татагдаж явсан даа.
- Эх орны ирээдүй хүүхэд багачуудын байгууллагын командлагчаар томилогдон ажилласан эвлэл, пионерийн байгууллагын он жилүүд бүхий л ажил амьдралын тань оргил үе байгаа юу даа?
- Улаанбаатар хотын Пионерийн зөвлөлийн дарга П.Нүдэнхүү дарга намайг анхааралдаа авч судалснаар 1977 оны намар МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Дашдовдонд танилцуулж, улмаар МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орж Монголын пионерийн байгууллагын даргаар батлагдаж байлаа. Дашрамд дурдахад манай П.Нүдэнхүү, Д.Дашдовдон дарга нар өндөр боловсрол мэдлэгтэй, хүнтэй ажиллах арга барилд мэргэшсэн, ажлаа сайн мэддэг, жинхэнэ эвлэл, пионерийн байгууллагын удирдагч нар байсан. Тэдний үнэтэй зөвлөгөө, тусламжийг хүртэж, итгэлийг нь алдахгүйн төлөө чармайн ажилласан. Юун түрүүнд чадварлаг хамт олныг бүрдүүлсэн нь ажил хэргээ урт удаан хугацаанд тогтвортой амжилттай явуулах гол нөхцөл болсон юм. 1980 оноос би МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн даргын хариуцлагатай албыг давхар хаших болсон.
350 гаруй мянган хүүхэд багачуудыг эгнээндээ нэгтгэсэн хүүхдийн өөрсдийнх нь байгууллага Монголын пионерийн байгууллагыг бүхий л талаар бэхжүүлэхэд хууль, эрх зүйн тогтоол шийдвэрүүд зайлшгүй хэрэгтэй болсон цаг үе байлаа. Үүний дагуу Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерын байгууллагын үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох тухай 1980 оны болон, Хүүхэд залуучуудын техникийн мэдлэг, зохион бүтээх авьяасыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зөв ашиглах, пионер сурагчдын зуны амралтыг зөв зохион байгуулах тухай МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны дөрвөн тогтоол (хуучнаар) боловсруулах ажлыг удирдан хэрэгжүүлж байсан нь тухайн үедээ байгууллагын мөрийн хөтөлбөр болж байсныг энд онцлон дурдахад сайхан байна.

-Нам төрийн дээд түвшний байгууллагад нэг биш, бүр хэд хэдэн тогтоол гаргах хүртэл асуудлаа ойлгуулж ажиллана гэдэг үнэхээр амаргүй даваа байж таарна. Тэдгээр тогтоол хэрхэн хэрэгжсэн үр дүнгээс товч ярьж өгнө үү?
-Юун түрүүнд хүүхдийн байгууллагыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангах зорилгоор УБДС(МУБИС) дээр эвлэл, пионерийн ажилтны тэнхим нээж доктор Ш.Доржпагма тэргүүтэй багшлах боловсон хүчнээр хангаж, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх болсноос эхлээд ялангуяа пионерийн байгууллагын хүмүүжлийн материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарч үндсэндээ МПБ-ын ажил жинхэнэ эрч хүчээ авсан он жилүүд үргэлжилсэн. 1982-1983 оныг “Сурагчийн жил” гэж орон даяар зарлан хөдөлмөрчид, албан байгууллагуудын санаачилгаар 206 барилга байгууламжийг хүүхдэд зориулан барьж байгуулсан юм. Манай Эвлэл, Пионерийн байгууллага, Ардын боловсролын яам, Хүүхдийн төлөө фондын зүгээс энэ ажлыг уйгагүй хөөцөлдөж амжилтад хүргэсэн. Тухайлбал, Олон улсын Найрамдал лагерийн иж бүрэн барилга байгууламж, МПС-ын ордны шинэ барилга байгууламж, Хүүхдийн номын сан, Соёл спортын төв, Усан бассейн, Залуу техникчдийн ордон, салбар клубүүд, Залуу байгальчдын станц, түүний салбарууд, кино театр гээд томоохноос нь нэрлэхэд ийм байна. Тэр үед МПБ-ын төв зөвлөлийн бүгд хурлыг арван удаа хуралдуулж тулгамдсан асуудлаа хэлэлцсэн байдаг. Үнэхээр хүүхдийн төлөө эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн он жилүүд үргэлжилсэн юм.
-Тэр бүхнийг дагаад хүүхэд - пионер сурагчдын өөрсдийнх нь оролцоо ч улам бүр өсөө болов уу?
-Монголын хүүхдүүд Пионерийн байгууллагын дээд чуулга уулзалт Залгамжлагч IV, V чуулганаа чуулж пионерийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааны цогцолбор асуудлуудыг өөрсдийн оролцоотой хэлэлцэн хэрэгжүүлж байв. Пионер сурагчдын дунд сурлага хүмүүжлийн “Залгамж үе” аяныг зохион байгуулж ирсэн нь пионерийн байгууллагын ажлын агуулга, арга хэлбэрийг улам баяжуулсан юм. Монголын пионер сурагчдын спартакиад, урлагийн их наадам, цэрэг спортын Дөл, Шонхор тоглолт, Олимп клуб, Өсвөрийн төлчин уралдаан, улсын тэргүүний сургууль бүлгэм шалгаруулах байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх эх орны ногоон гоёл хөдөлгөөн зэрэг нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, удирдамж, арга зүйг боловсруулан энэ бүхэн цөм хүүхдийн идэвх оролцоотой хэрэгжиж байсан юм. Маш товч дурдан өнгөрөхөд ийм байна. Энэ бүх ажил хүүхдийг бүхий л талаар хөгжүүлэх тал бүрийн мэдлэгтэй болгох, хүүхэд өөрсдөө санаачилга гарган өөрөө өөрсдийгөө удирдаж сурах, хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байсан. Зорилгоо ч сайн биелүүлсэн гэж боддог. 1970, 1980 оны тэр л хүүхдүүд өсөж хөгжсөнөөр өнөөдөр ардчилсан нийгмийн бүхий л салбарыг нуруундаа үүрч яваа гэж хэлэх бүрэн үндэстэй. МПБ-ын ажлын хажуугаар МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн даргын хувиар би Сэлэнгэ, Төв, Булган аймгийн эвлэлийн байгууллагын ажлыг ч бас бүхэлд нь хариуцан ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв тэргүүтэй МХЗЭ-ийн Төв хороо тэр үед найман нарийн бичгийн даргатай байсны дотор Академич, ардын багш Д.Дашжамц, Үйлчилгээний гавьяат ажилтан Ж.Бадраа, Доктор профессор Д.Бор нарын шилдэг сэхээтнүүд ажиллаж байсан, МПБ-ыг удирдан залж, цаг ямагт дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг үнэхээр л монголын залуучуудын төв штаб байсан.

-Таныг Монголын хүүхдийн төлөө фондын дарга Анастасия Ивановна Филатова гуайтай ойр дотно ажиллаж МПБ, ХТФ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэн хүчээ нэгтгэн нэгэн зүгт зүтгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн гэж эвлэл пионерийн ахмадууд хүндэтгэн дурсдаг. Энэ талаар нэмж юу хэлэх сэн бол?
-Түүхт ойн энэ өдөр монголчууд бидний бахархан дурсах хүний нэг бол яах аргагүй Анастасия Ивановна Цэдэнбал Филатова гуай юм. Миний бие Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ыг цөөнгүй жил удирдаж ажиллахдаа түүний удирддаг Хүүхдийн төлөө фондтой ажил хэргийн байнгын холбоотой ажиллаж байсан. 1973 онд байгуулагдсан үүх түүхтэй, “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монголын хүүхдийн төлөө фонд аймаг болгонд салбартай байв. Анастасия Ивановна Филатова дарга, “Манай Монголын хүүхэд залуучууд өв тэгш хүмүүжилтэй, өндөр боловсролтой байх ёстой, тэд бол Монголын хойч ирээдүйн эзэд.Тийм учраас бид өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Энэ бол нэр төрийн хэрэг юм шүү” хэмээн үргэлж хэлдэг байсан нь түүний ажил амьдралын үндсэн зарчим байсан гэж боддог. Хүүхдийн төлөө фонд бүх аймаг орон нутгийн байгууллагуудтай хамтарч үлгэр жишээ хүүхдийн ясли, цэцэрлэг, Гэрлэх ёслолын ордон гээд дээр дурдсан олон арван барилга байгууламжийг барьж иж бүрэн тохижуулж, үйл ажиллагааг нь үлгэр жишээчээр удирдан явуулж байсан нь А.И.Филатова даргын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн байсныг маш хүндэтгэлтэйгээр дурсан санаж байна.

-Бодлого зорилгоо хүнд нь, хүүхдэд өөрт нь хүргэх гол зууч, хөтөч нь тэр үеийн Пионерийн байгууллагын өөрийнх нь сонин сэтгүүл байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Пионерийн байгууллага 1926 оноос гарч эхэлсэн “Залгамжлагч” сэтгүүл, 1944 оноос гарч эхэлсэн “Пионерийн үнэн” сонинтой, бидний үед “Пионерийн удирдагч” сэтгүүл шинээр нэмж гарган Хүүхдийн хэвлэлийн томоохон редакци ажиллаж байсан юм. Сонин сэтгүүлийн аль нь ч хүүхэд багачуудын үгээ хэлэх, бичих, туршлага солилцох индэр нь болж байсан. Эрхлэгч нь Ц.Дашдондов гэж мундаг сэтгүүлч, нийтлэлч, ажлаа мэддэг агуу хүн байсан. Англи хэлийг бие дааж сурсан хүн дээ. Шүүмжлэхдээ гарах гарцтай хэлдэг, хоосон шүүмжлэлд дургүй. Түүнтэй ярилцахад тэнгэр газар нийлэх шиг болдог байж билээ. Дараа нь хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог ажлыг нь үргэлжлүүлсэн. Багт нь Н.Дариймаа, С.Надмид, Ж.Хорлоо, С.Бодоош, Д.Пушкин, Ц.Санжжав, Д.Батсуурь, Ч.Лувсандэндэв, Я.Сумъяа, Г.Нямаа, Т.Даваадорж, Н.Энхчимэг, М.Болд зэрэг хүүхдээр мэргэшсэн хүчтэй сэтгүүлчид, ажлаа сайн мэддэг, зүтгэлтэй зарчимч хүмүүс ажиллаж байлаа.
-Тэр үед гадаад олон орны пионерийн зусланд хүүхдүүдээ амруулахаас эхлээд МПБ-ын гадаад харилцаа нэн өргөн дэлгэр хөгжиж байж ээ?
-Ер нь 1970-1980-аад оны үед МПБ-ын гадаад харилцаа, олон улсын нэр хүнд асар их их өссөн гэж дүгнэн хэлж болно. “Наран үүрд мандаг” дэлхийн хүүхдийн их наадам (1977), Олон улсын Хүүхдийн энх тайвны ассамблей (1979, 1983), Дэлхийн залуучуудын оюутны IX их наадам (1978), Бүх хүүхдийн энх амгалан аз жаргалтай ирээдүйн төлөө дэлхий дахины бага хурал, Монгол-Зөвлөлтийн хүүхэд залуучуудын их наадмуудад хүүхэд, залуусын төлөөлөл, пионерийн ажилтнуудаа байнга оролцуулж үгээ хэлж, дуу хоолойгоо нэгтгэн МПБ ямагт тэр бүхний тэргүүн эгнээнд явсан. Тиймдээ ч МПБ Унгарт улсад төвтэй Олон улсын хүүхэд залуучуудын байгууллага болох СИМЕА-ын гишүүн, 1978, 1982 оны Ассамблейгаас тэргүүлэгч гишүүнээр сонгогдон нарийн бичгийн даргаар нь ажиллах болсноор манай байгууллага суурин төлөөлөгч ажиллуулах болсон юм. Пионерийн байгууллагын удирдах ажилтан, ПАУ нарыг бэлтгэх, давтан сургах семинар курсыг дотооддоо болон социалист орнуудад зохион байгуулах, пионерийн тэргүүний удирдагч, хамт олныг шалгаруулан шагнаж урамшуулах, гадаадын пионерийн зусланд жил бүр 100 гаруй багш, сурагчдыг амруулах, гадаадын хүүхдийн байгууллагын ажлын арга, туршлагаас судлан анхан шатны байгууллагуудад нэвтрүүлэх ажлуудыг зохион байгуулж байлаа. Улаанбаатар хотноо 1985 онд болсон Хүүхэд өсвөр үеийнхний Олон улсын хороо /СИМЕА/ -ны Тэргүүлэгчдийн хурал болон Олон улсын хүүхдийн хөнгөн атлетикийн “Найрамдал” дөрвөн төрөлт тэмцээн, Социалист орнуудын Пионерийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт зэрэг олон улсын арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулж байв.

-Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын төв зөвлөл гэж таны дээр дурдсанчлан гар, санаа нийлсэн үнэхээр хүчирхэг баг, хамт олон ажиллаж байж ээ?
-Дээд боловсролтой гадаад хэлний өндөр мэдлэгтэй, хүүхэдтэй ажиллах хүсэл сонирхолтой, хүн чанартай залуучуудыг сонгон шилж авсандаа би их баярладаг. Бүтэн 12 жил нэг баг болж ажиллаж чадсан авьяас овсгоотой, ихээхэн санаачилгатай, дэндүү их эрч хүчтэй залуус байсан юм. Тухайлбал Ц.Түвшинтөгс, Н.Болормаа, Ц.Наранбаатар, М.Тогтохням, Д.Энхээ, Я.Цэвээнлхазал, Г.Урантүлхүүр Н.Пүрэвдагва, Б.Тогоохорол, С.Цогоо, Б.Оюунчимэг, Б.Рина, Л.Нина, Л.Зоригоо, Ч.Учирсайхан, Пионерийн ордны Б.Цэрэндорж, Найрамдал лагерын захирал Т.Түвшин, Б.Отгонбат... нар гээд. Аймаг, хот, дүүргийн пионерийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Жавзанхүү, Ш.Сандаг, С.Баатар, Баатаржав, Д.Хажидсүрэн, Д.Цогзолмаа, М.Мөнхбуянт, Н.Өлзийхутаг зэрэг олон шилдэг залуус энэ байгууллагад залуу сайхан насны ид хаваа зориулсан юм. Заримынх нь нэрийг орхисон бол уучлаарай. Тэднийгээ юм үзүүлж нүд тайлуулж, мэргэжил мэдлэг, боловсрол соёлоо дээшлүүлэхэд нь тус дэм болох үүднээс гадаад дотоодын олон ч сургалт, хурал, зөвлөгөөнд оролцуулж, МХЗЭ-ийн Төв хорооны гадаад томилолтын бүхий л арга хэмжээнд пионерийн байгууллагын төлөөлөл заавал байх ёстой гээд л зүтгэчихдэг байлаа. Ер нь байгууллага удирдаж байгаа хүн хамгийн урдаар хүнээ л анхаарах хэрэгтэй юм билээ, энэ тал дээр би үнэхээр хичээдэг байсан. Ганзага дөрөө нийлж явсан залуучуудаараа үргэлж бахархаж сайны дээдийг ерөөж, одоо ч тэд маань намайгаа “тойрон хүрээлсэн” хэвээр байгаад үнэхээр баярлаж бахархаж явдаг юм.
-Монгол орон даяар өөрчлөлт шинэчлэлийг эрэлхийлэн нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орж эхэлсэн эгзэгтэй үед Таныг Боловсролын яамны орлогч сайдаар томилсон байдаг. Хүүхэд, сургууль, багш, Монголын боловсролын байгууллагын хувь заяа... Энэ үнэхээр онцгой томилолт байсан болов уу?
-Миний бие Ардын боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан тэр үе бол 1988-1992 он юм. Үнэхээр ардчилал шинэчлэлийн уур амьсгалын урь орсноор барахгүй, ардчилсан хувьсгал ид өрнөсөн үе. Орлогч сайдын хувиар би ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг бүхэлд нь хариуцдаг байлаа. Яамны бодлогын гол цөм асуудал гэж хэлж болно. Нийслэл, төв суурин газарт одоо ч яригдаж байгаа анги дүүргэлтийг багасгах, гурван ээлжийн сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, шинээр сургууль бариулах зэрэг нь тэр үед ч манай яамны бодлогын төвд байсан, боломжоороо шийдээд явж байсан. Гэвч хүн амын төв рүү чиглэсэн их нүүдэл эхэлж асуудал жилээс жилд хүндэрсээр ирсэн харагддаг. Мөн боломжтой сургуулиудын дэргэд хөдөлмөр амралтын зуслангууд байгуулах тухайд их хөөцөлдсөн, энэ одоо ч ач холбогдол нь өндөр хэвээр байгаа асуудал мөн юм шүү. Сургалтын чанар бол багш нарын ур чадвар, чанар чансаатай зайлшгүй холбоотой тул Багш бэлтгэдэг сургуулиудын сургалт хүмүүжлийн ажлыг эрс сайжруулахад ихээхэн анхаарч ажиллаж байлаа. Монголын багш нарын V их хурлыг хуралдуулах ажлыг үндсэнд нь удирдан зохион байгуулсан юм. Тэр их хурал бол нийгмийн шинэчлэл зайлшгүй болсон ардчиллын эхэн үеийн Монголын боловсролын тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн түүхэнд үлдэх онцгой үйл явдал болсныг тэмдэглэн хэлэх байна. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд 1990 оны нэгдүгээр сараас Монголын багш нарын үгээ хэлэх индэр “Багш” сониныг шинээр бий болгосон нь тус яамны хэвлэлийн редакц “Сурган хүмүүжүүлэгч”, “Хүүхдийн хүмүүжил”, “Оюун түлхүүр” сэтгүүл дээрээ долоо хоног тутмын сонинтой болон хүрээгээ тэлж байлаа.
-Хүүхэд байхын хөдөө гэр орон, нутаг усаа зорих дуртай, МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн даргын хувиар Сэлэнгэ аймгийнхаа ХЗЭ-ийн хорооны ажлыг хариуцан ажиллаж байсан гээд Та ер нь нутаг амьтай хүн юм аа даа?
-Нутаг сайхан шүү. Сэлэнгэ аймгийнхаа Ерөө бүсийн хөдөлмөрчдийн хүсэлтээр 2005 оноос Ерөө, Хүдэр, Бугантын нутгийн зөвлөлийг албан ёсоор байгуулан даргаар нь ажиллаж ирлээ Хүүхдээс нь авхуулаад хүн бүрд, бүх давхаргад хүрч ажиллахыг хичээсэн. Хүдэр сумын 40 жил, Ерөө сумын 90, 100 жил, Атарын 50 жил, Ерөө сумын ЕБС-ын 80 жил, Бугант тосгоны сургуулийн 50 жил, Бугантын модны үйлдвэрийн 40 жил зэрэг түүхэн ач холбогдолтой олон ой тэмдэглэлээ. Гишүүд болоод нутгийн түмэнтэйгээ хамтран их зүйл хийж бүтээсэн дээ.

-Түүхт 100 жилийн ойн өндөрлөг дээрээс Та Монголын хүүхдийн байгууллагын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-1970-1990 он хүртэлх хугацаанд Эвлэл, Пионер, Хүүхдийн төлөө фонд, Боловсролын байгууллага, аймаг хотын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран Хүүхдийн төлөө их зүйлийг хийж бүтээснээр хүүхдийн хөдөлгөөн нийгэм даяр бүх нийтийн үйл болж чадсан гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм. Харамсалтай нь хүүхдийн чөлөөт цагийн олон барилга байгууламж алга болж, өөр зориулалтаар ашиглагдах болсон. Одоо сэргээх цаг нь болсон гэж бодож байна. 1990 оноос хойш монгол орны улс төр, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт шинэчлэлтэд нийцүүлэн МПБ маань “Хүүхдийн төлөө үндэсний төв” нэртэйгээр үйл хэргээ үргэлжлүүлэх болсон. Хүүхэд залуучууд, гэр бүлийн асуудал нэмснээр ачаалал нь нэмэгдэж залуучуудын асуудлыг Соёлын яаманд шилжүүлсэн. Одоогийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар зорилго чиглэлийнхээ хүрээнд үнэхээр их ажиллаж байна. Хүүхдийн эрх хамгааллын тухай хуультай боллоо. Төрөл бүрийн заавар журам гарсан байна. Нийгмийн ажилтны орон тоо нэмэгдэж, сургууль, хороо, сум, дүүрэгт ажиллаж байна. Гэхдээ нийгэм хөгжихийн зэрэгцээ даруй шийдвэл зохих олон асуудал гарч ирсээр байна.
-Тэр бүхний дундаас хамгийн чухал нь, даруй анхаарч хөрөнгө хүч зарах ёстой асуудлыг Та юу гэж харж байна вэ?
-Хамгийн чухал нь хүүхдийн хөгжлийн асуудал. Үүнд онцгой анхаарах цаг болсон байна. Урлаг уран сайхан, биеийн тамир спортын дугуйлан секц, заал талбай, кабинет номын сан, кино театр зэргийг цогцоор нь бүрдүүлсэн барилга байгууламж хэрэгтэй болсон байна. Хоёр жилийн өмнө Хүүхдийн төлөө фонд байгуулах тухай нэгэн орой ТВ-ээр зарлаж, шууд нэвтрүүлэг явуулан нэлээн хөрөнгө хуримтлуулсан Бид ч идэвхтэй оролцсон. Тэр мөнгөөр хотод, мөн аймгуудад хүүхдийн төлөө чөлөөт цагийн цогцолбор барьж байгуулмаар байна. Цаашдаа 1982-1983 онд “Сурагчийн жил”-ийг орон даяар өрнүүлсэн шиг үр дүн нь амьдралаар батлагдсан ч мартагдаад байгаа сайн үйлсийг сэргээн төр болон хувийн хэвшил, бүх нийтийн анхаарлыг энэ зүгт төвлөрүүлэн хүүхдэд зориулсан чөлөөт цагийн барилга байгууламжтай болгох их үйлсийг эхлүүлмээр байна.
-Тантай ийн ярилцаж суухдаа би “хүүхдийн төлөө, хүний төлөөх сэтгэлд чөлөө учрал гэж даанч нэг үгүй юм даа” хэмээн бахархан бодож сууна?
-Хүүхэдтэй холбоотой гэрэл гэгээтэй сайн сайхан мэдээнд урамшин, муу муухайд сэтгэл эмзэглэн заримдаа бүр байх суух газраа олохгүй байх алийг тэр гэх вэ. Хүүхдүүдийн дунд гадуур хэсэх, муу зуршилд автах, донтох явдал байсаар байна. Хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байна. Тусгаарлах байруудыг бий болгож эрсдэлд орж буй хүүхдийг хамгаалахын төлөө хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэвч тийм тусгаарлах байрыг олон болгоход бус хүүхдийн ард байгаа цаад гэр бүлтэй нь ажиллах ёстой.
- Та “Гэр бүл асуудлын цөм нь” гэж хэлэх гээд байна аа даа?
- Тэгэлгүй яахав, гэр бүлийн үнэ цэн, төлөвлөлт, хариуцлагын талаар иж бүрэн систем тогтолцоо боловсруулж ажиллах цаг нэгэнт болсон байна. Энэ ажилд төрийн байгууллагуудаас гадна хүүхдийн болон насанд хүрэгчдийн эрхийн асуудал хариуцсан төрийн бус байгууллага, эмэгтэйчүүд, үйлдвэрчин, залуучуудын байгууллага, хэвлэл мэдээллийн бүх байгууллагуудыг татан оролцуулж хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ гэж бодож байна.
- Таны удирдаж байсан МПБ-ын энэ цагийн залгамж халаа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын тухайд та юу хэлэх сэн бол?
-Энэ байгууллага маш их зүйл хийж байна гэж би дээр хэлсэн. Гэхдээ хүүхэд гэр бүлийн асуудалд цогцолбороор хандаж ажиллая гэвэл энэ байгууллагын бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалтыг өргөжүүлж бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хянадаг салбар дундын зохицуулалтыг хангах түвшинд ажиллах хэмжээний байгууллага болгох хэрэгтэй харагддаг. Орон тоо, цалин хөлсийг нь нэмэгдүүлж чадварлаг боловсон хүчнээр хангах шаардлагатай байх. Нэгэнт түүхт ойтойгоо холбоотойгоор яриа өрнүүлсэн болохоор би 1970, 1980-аад оны үед хүүхдийн байгууллага хэрхэн ажиллаж байсан талаар товч боловч түлхүү дурдах шиг боллоо. Тэр бүхэн бол тухайн цаг үеийн түүх, одоогийн залуу үеийнхэн энэ түүхийг үргэлжлүүлж шинэ агуулгаар баяжуулж ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
-Цэрэндулам дарга яриагаа ийн өндөрлөв. Баярлалаа Танд.
Хүүхдийн төлөө чин халуун сэтгэлтэнд өргөх хариу ерөөлийг уншигчдадаа үлдээв.
Бидний ирээдүй - хүүхэд, Улс орны ирээдүй - хүүхэд, хөгжлийн ирээдүй ч мөн - ХҮҮХЭД.
Тиймээс хүүхэд багачуудаа хөх нүдний цөцгий мэт хайрлацгаая!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 86 (7583)