Ц.МЯГМАРБАЯР

МУИС-ийн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап-2025” /Num Startup 3.0/ хөтөлбөр энэ сарын 2-ны өдөр  нээлтээ хийлээ. МУИС 25 мянган гаруй оюутантай 900 гаруй багш, судлаачтай. Энэ нь оюуны асар их уурхай юм. Энэ утгаар тус сургуульд бий болж байгаа шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологиудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хөгжлийн нэг хүчин зүйл. Тиймээс ч энэ хөтөлбөрийг 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж буй юм. Ес дэх удаагаа зохион байгуулж  байгаа уг хөтөлбөрт өнөөдрийг хүртэл нийт 75 багийн 525 багш, оюутан хамрагдаад байна. “Рио Тинто Монгол” компани 2020 оноос эхлэн хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Инновац болон бүтээлч сэтгэлгээний сургалт мөн туршлагатай зөвлөхүүдийн менторшиф нь хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлдэг байна.

МУИС-ийн дэргэд долоон  гарааны компани байгуулагджээ

Энэ жилийн хөтөлбөрт Хими, Биологи, Биотехнологи, ногоон эрчим хүч, нийгэм, социологи, сэтгэл судлал, мэдээллийн технологи, компьютерын ухаан зэрэг салбаруудад технологи хөгжүүлэх, гарааны компанийн төсөл боловсруулах чиглэлд нийт 16 багийн 90 гаруй багш, оюутан бүртгүүлж, сургалтад хамрагдан шинэ санаагаа хөгжүүлж байгаа юм. Хөтөлбөрт оролцсон багуудаас жил бүр эхний гурван  байрыг шалгаруулж, МУИС-ис гарааны санхүүжилт олгодог. Нээлтийн арга хэмжээний үеэр “Рио Тинто Монгол” компаниас хөтөлбөрт хамрагдаж буй багуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор баг тус бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг гардууллаа. Тус арга хэмжээнд хөтөлбөрийг дэмжигч, хамтран ажиллагч МУИС-ийн Бизнес консалтинг төв, “Сократус стартап студи” ХХК, “Инно хаб” ХХК, “Стартап Маркетинг Спасе” ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, стартап төслийн багуудад инновац, шинэ технологи хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийт 24 багт 213 сая төгрөг олгоод байна. Хөтөлбөрийн үрээр МУИС-ийн дэргэд долоон  гарааны компани байгуулагдан   ажиллагаа явуулж байгаагаас “Гарааны Эм Би Пи Лаб”, “Гарааны дижитал солюшнс”, “Гарааны Creativision”, “Гарааны Мон Био Про”, “Гарааны Чинганц”, “Ниргэ системс” зэрэг компаниуд зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байна.

Цаашид манай эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжиж, Монгол улсын хөгжилд бодит үр дүн өгөх өргөн боломж бий гэлээ. 

Эх сурвалж: zms.mn