Т.САЙХАН
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг доромжилж, бүдүүлэг хандсан гэдэг шалтгаанаар улс төрийн акц хийхээ мэдэгдсэн билээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг танилцуулж гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байвал би ч бас улстөржиж чадна" хэмээн ёжилсон билээ. Уг үйлдэлтэй холбоотойгоор АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлалт гуйх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөр тайлбар өглөө. Тэрээр "АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл өгнө. Миний байр суурь бол ажил явах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг дээрээс үүдэлтэй асуудал учраас бүлэг удахгүй тайлбар хийнэ. Ойлголцож болохгүй зүйл гэж байхгүй. УИХ-ын гишүүд нэгнийхээ микропоноор янз бүрийн л асуудал ярьдаг. Сүүлийн 30 жилийн УИХ-ын түүхийг эргээд харвал УИХ-ын гишүүн хүн өөрийнхөө микропоноор хэлсэн үгэнд хариуцлага хүлээхгүй. Нэгнийгээ хулгайч, алуурчингаар нь дуудаж, янз бүрээр л ярьдаг. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж үздэг учраас тэр хүрээндээ асуудал шийдэгддэг. Хоёрдугаарт, Мэдээж ойлголцохгүй зүйл байгаа бол ойлголцоод цаашаа явах ёстой. Хамгийн гол нь ажил урагшлах нь чухал байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn