Б.Нандин

 

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мэргэшсэн олон улсын эксперт Манфред Протцед "Алтангадас" одон хүртээснийг өнөөдөр гардууллаа. 

Манфред Протце нь Германы хэвлэлийн агентлагийн сэтгүүлч, мэдээний редактор, Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүнээр 50 гаруй жил ажилласан бөгөөд сүүлийн арван жилд Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоог үүсгэн хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд биечлэн оролцож, оюун санаа, эрдэм мэдлэг, туршлагын үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр өнөөдрийг хүртэл Германы Хэвлэлийн Зөвлөлийн өргөдөл, гомдол барагдуулах хорооны гишүүн, орлогч даргын хувьд 20 мянга гаруй гомдол дээр шийдвэр гаргах ажлыг хийж байсан.

Тэрээр 2014 оноос хойш Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн 100 орчим гишүүн, ажлын албаны мэргэжилтнүүдэд 30 гаруй удаагийн чадавхжуулах сургалт, олон удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж Герман болон бусад улс орнуудын хэвлэл мэдээллийн эрх зүй, өөрийн зохицуулалтын мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж Монгол Улсад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мэргэшсэн багийг бэлтгэжээ. Монгол Улсад сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулагчид бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүний шавь 100 хол давсан байна. Тэрээр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журам, гомдол хүлээн авах, барагдуулах журам, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зэрэг бодлого, зохицуулалтын баримт бичгүүдийг боловсруулах, Ёс зүйн хорооны шийдвэрийн чанарын стандартыг тогтооход зөвлөж дадлагажуулах зэргээр мэргэжил, арга зүйн дэмжлэгийг тасралтгүй өгч ирсэн.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн Газрын болон шүүх, прокурорын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин болон өөрийн зохицуулалт, сэтгүүл зүйн ёс зүйн хариуцлагын өргөн хүрээний яриа хэлэлцүүлэг өрнүүлсээр ирсэн билээ.  

Манфред Протце нь ХМЗ-ийг үүсгэн байгуулах, хөгжүүлэн төлөвшүүлэх, бэхжүүлэх, шинэ соёлыг бий болгох бүхий л үйл явцад дэмжлэг үзүүлж ирсэн зөвлөх багшид зүй ёсоор багтах бөгөөд Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан төдийгүй чөлөөт, хараат бус, бие даасан, хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээллийг хөгжүүлэн бэхжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.