Ц.БАЯР
Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.Монгол Улсын Засгийн газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын таван агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадаадын 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байна. Тэгвэл “United Airlines” компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна. “United Airlines” авиа компанийн агаарын хөлөг 167 суудалтай юм байна. Өчигдөр анхны буултад 107 хүн ирсэн бол өнөөдөр буцах нислэг дүүрэн зорчигчидтой хөөрч байгаа юм байна. Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч “United Airlines” авиа компани нь 2025 оны 5-р сарын 1-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд “Boeing 737-800” агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийсэн юм. Тус агаарын хөлөг өчигдөр 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардав. “United Airlines” авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.