С.Уртнасан
Орчин үеийн буюу 2023 онд шинээр гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг болох RIIZE Азийн анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тус хамтлаг тавдугаар сарын 1-нд 2025 оны Азийн аялан тоглолтоо “RIIZING LOUD” нэртэйгээр зарлалаа. Энэхүү аялан тоглолт нь тэдний уран бүтээлчийнхээ хувиар анх удаа зохион байгуулагдаж буй бие даасан концертын эхлэл болж буйгаараа онцлогтой.
RIIZE нь SM энтэртайментийн үүсгэн байгуулсан, Өмнөд Солонгосын зургаан гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг билээ. Тэд 2023 оны есдүгээр сарын 4-нд “Get A Guitar” нэртэй анхны сингл цомгоороо дебютээ хийж байсан юм. Анх долоон гишүүнтэй байсан ч, хамтлагийн гишүүн Хон Сынхан 2024 оны 10-р сард хамтлагаас албан ёсоор гарчээ.
RIIZE нэр нь “Rise” (өсөлт) болон “Realize” (мөрөөдлөө биелүүлэх) гэсэн англи үгсийн нийлбэр бөгөөд, хамтлагийн гишүүд хамтдаа өсөж, мөрөөдлөө биелүүлнэ гэсэн утгыг агуулдаг байна. Тэдний фен клубийн нэр нь BRIIZE бөгөөд, хамтлагийн аяллыг дэмжин, хамтдаа урагшлах фенүүд гэсэн утгыг илэрхийлдэг. RIIZE нь 2024 онд “RIIZING DAY” нэртэй анхны фен уулзалтаа хийж дэлхийн 19 хотод аялан тоглолт хийж байжээ.
Мөн тэдний анхны бүрэн хэмжээний цомог болох “Odyssey” 2025 оны тавдугаар сарын 19-нд гарах бөгөөд тус цомгоороо эргэн ирэлтээ хийхээр төлөвлөж байна. RIIZE хамтлаг нь шинэ залуу үеийн K-pop хамтлагуудын нэгэн төлөөлөгч ба шинэлэг хөгжим, үзүүлбэрүүдийнхээ хүчирхэг гүйцэтгэлээр олон улсын фенүүдийнхээ анхаарлыг татсаар байна.
Түүнчлэн “RIIZING LOUD” тоглолт нь долоодугаар сарын 4-6-нд Сөүл хотын Dome-д эхлэх бөгөөд цаашлаад Хёого, Хонг Конг, Сайтама, Хирошима, Куала Лумпур, Фүкүока, Тайпэй, Токио, Бангкок, Жакарта, Манила, Сингапур, Макао зэрэг хотуудаар 2026 он хүртэл үргэлжилнэ. Үүгээр зогсохгүй, аялан тоглолтоо хийх нэмэлт хот, өдрүүдийг хэсэг хугацааны дараа дахин зарлана гэнэ.
Эх сурвалж: zms.mn