Ч.БЯМБАХАЖИД

Өөрсдийн гавьяагаа үнэлүүлж чадаагүй хэлмэгдсэн жинхэнэ баатруудынхаа нэр төрийг сэргээж, баатар цолоор нэхэн шагнуулах хүсэлт тавьж байгаа талаараа Т.Батжаргал, Д.Хоролдамба нарын эрдэмтэн судлаачид хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.

Нэгэн цагт Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн эрхмүүд бол зоригт дайчид билээ. Тэд эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцсэн хэдий ч хилс хэрэгт гүтгэгдэж, залуу насаа алдсан харамсалтай түүх бий.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын баатар цол хүртсэн 59 хүн байна. Үүнээс 18 нь ОХУ-ын иргэн, 41 нь Монгол Улсын иргэн байгаа юм. Үүний хоёр нь эмэгтэй баатар байдаг. Нийт баатруудын алдар гавьяаг тус бүрт нь авч үзвэл Халхын голоос 23 баатар, Чөлөөлөх дайнд зургаан баатар, Баруун хилийн байлдаанаас ес, Батлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан есөн баатар, сансрын нисгэгч есөн баатар, 1932 онд хувьсгалын эсэргүүг дарсан хоёр эмэгтэй баатар, 1990 оны ардчилсан хувьсгалыг үндэслэн байгуулагч нэг баатар байна.

Тэгвэл тухайн цаг үедээ гавьяагаа үнэлүүлж чадаагүй хэлмэгдсэн жинхэнэ дайчид болох Д.Жамбаа, Ц.Лувсандоной, Ж.Цэрэн, Х.Даржаа нарын нэр төрийг сэргээж, баатар цолоор нэхэн шагнуулах хүсэлтийг Т.Батжаргал, Д.Хоролдамба нарын эрдэмтэн судлаачид тавьж байгаа юм байна.

Энэ тухай Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба “Нэр дурдагдаж байгаа эх орончдын алдар гавьяаг мөнхжүүлж, алдар цолыг олгуулах тухай асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Олон жилийн турш бид энэ асуудлын талаар ярьж, хүсэлт илгээсэн. Ялангуяа эрдэм шинжилгээний хурлууд дээр энэ талаар ярьж, Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжины орлогч, Корпус командлан захирагч Ц.Лувсандоной гуайн талаар болон бусад нэр дурдагдаж буй баатруудын талаар олон судалгаа хийсэн. Ингээд судалгааны үр дүнгүүдээ удаа дараа эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, ярилцлага, ном болгон гаргасан. Энэ хүмүүсийн дайны он жилүүдэд гаргасан гавьяаг дурдаад баршгүй. Иймээс заавал улсын баатар болох ёстой хүмүүс юм” гэв.

Соёлын гавьяат зүтгэлтэн, Удирдахуйн ухааны доктор, дэд профессор Т.Батжаргал “Бид улсынхаа тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан баатруудаараа бахархах ёстой. Хойч үе маань энэ хүмүүсийн талаар мэддэг, түүхээ судладаг байх хэрэгтэй байна. Тухайлбал, Дэмбэрэлийн Жамбаа гуайн хувьд 1936 оны гуравдугаар сарын сүүлч дөрөвдүгээр сарын эхээр Дорнод хилийн Адаг дулаан, Булан дэрсний харуулын орчмоор халдан түрэмгийлсэн Япон-Манжийн цэрэгтэй Р-5 онгоц жолоодон гарамгай тулалдаж онцгой гавьяа байгуулсан. Бид 10 жилийн өмнө Нисэх хүчний 90 ойгоор энэ Д.Жамбаа гуайн баатар цолыг нөхөн олгуулах зорилгоор төрийн олон байгууллагаас тодорхойлолт дэмжлэг авч, Ерөнхийлөгчийн тамгын газар хүргэсэн боловч тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олгоогүй. Дахин таван өмнө Халхын голын 80 жилийн ойгоор Д.Жамбаа гуайг баатар цолны болзол хангасан, архивын баримтаар нотлогдож байгаа гээд тодорхойлоход мөн л тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулга хүсэлт хүлээж аваагүй. Иймд бид одоогийн ерөнхийлөгчдөө их итгэж байна. Түүнчлэн ЕБС-ын сурагчдад түүхийн мэдлэг дээр анхаарах цаг болжээ. Нимгэхэн номонд бүхэл бүтэн 400 жилийн түүхийг багтаана гэж байхгүй. Зарим нэг мэдээлэл, баримтууд нь ч алдаатай байгаа тохиолдол байна” гэлээ.

Эх сурвалж: zms.mn