П.АМГАЛАНБАЯР

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр  гээд гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгийн “Уран бийр” урлангийн багш Б.Цогтбаяр болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

 

-Танай “Уран бийр” дугуйлангийн онцлог юу вэ? 

-Миний ээж Д.Намсрай Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй багш байдаг. Улсад 30 гаруй жил багшлаад гавьяаныхаа амралтад гарсан. Би ээжийнхээ уран зургийн багш мэргэжлийг өвлөн зургаан жилийн өмнөөс “Уран бийр”  зургийн дугуйланг үргэлжлүүлэн хичээллүүлж байна.

-Би уран зургийг  хүүхэд, багачуудын дотоод ертөнцийг харж болох тусгал  сайтай тольтой зүйрлэнэ. Мэдээж хүүхэд болгон уран зураач болох албагүй. Гэхдээ хүүхэд болгоны зурсан зураг тухайн хүүхдийн бодол санаа, хүсэл мөрөөдөл,  өөрийгөө илэрхийлэх өгүүлэмж болдог.

-Уран зургаар дамжуулан хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?

-Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 2 мянга орчим сурагчдад зургаар дамжуулан сууж,  сэтгэж сурах, өнгө дүрсний мэдрэмж, гарын ур дүй сайжрах, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон талт арга барилуудад сургахыг зорьдог.  Үүний хүрээнд шавь нар маань аймаг, орон нутгийн чанартай олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. Зөвхөн  уралдаан тэмцээн гэлтгүй дунд ангиасаа төгсөх анги хүртлээ манай урлангаар хичээллэсэн сурагч нар маань  ЭЕШ-аа амжилттай өгч хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа орохыг харах их бахархам сайхан байдаг. Өнгөрсөн жилийн хувьд нэг шавь маань 800 оноо авсан.

-Хүүхдүүддээ хандаж  юу гэж хэлмээр байна?

-Хүүхдийн сэтгэлгээ ямар ч хил хязгаар, үзэл санаанд баригддаггүй учраас тэд бол төрөлхийн уран бүтээлчид байдаг.  Тиймээс цаашид  хүүхдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх урам зориг, ур чадварыг урлан бүтээх ажилдаа улам хичээх болно. Шавь нартаа хайртай шүү. 

Ч.Цолмон
Т.Одсүрэн
Б.Энхням
Б.Мөрөн
Ч.Цэмүүлэн
Б.Марал

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 56 (7553)